FAO in Mongolia

Хамтын оролцоотой тогтвортой ойн менежментийн төслийн хаалт боллоо

14/08/2020

Байгаль Орчин Аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ) хамтран “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Тус төсөл нь 2015 оноос Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгийн ойн санг гэрээгээр эзэмшдэг 101 нөхөрлөл, Сум дундын 11 ойн анги (СДОА) -тай хамтран ажиллажээ. Төсөлд хамрагдсан дээрх аймгийн нөхөрлөлүүд тус таван аймгийн нутагт экологийн чухал дөрвөн бүс, усны эх бүрэлдэх 10 голын сав газар нутгийн хэмжээнд нийт долоон хувийг хариуцан хамгаалдаг. Бүр тодорхой хэлбэл, Монгол орны хөхтний ангийн 55 зүйл, жигүүртний ангийн 250-иад зүйл, мөлхөгч, хоёр нутагтны ангийн 10 зүйл энэ бүсэд багтаж байна. Цаашлаад загасны ангийн 40-өөд зүйл, шавжийн ангийн 34 багийн 2,000 орчим зүйл, дээд буюу гуурст ургамлын ховордсон 100-гаад ургамлын зүйлийн 60 орчим нь энэхүү 101 нөхөрлөлийн хамгаалалтад байна. Энэ нь манай орны төдийгүй дэлхийн биологийн олон янз байдлын хамгаалалд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.   Төслийн хүрээнд Ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, тэдний чадавх, чадамжийг сайжруулах, ойн аж ахуйн зарим арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулах, арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэн ажиллажээ. Хэнтий аймагт төслийн хаалтын үйл ажиллагааны үеэр Дадал сумын Баянцагаан нөхөрлөлийн ахлагч Д.Нэргүй “2006 онд байгаль орчноо хамгаалах хүсэл эрмэлзэлтэй иргэд нэгдээд нөхөрлөл байгуулж эхэлсэн. Эхэн үедээ нөхөрлөлүүд хэрхэн ажиллах ёстой талаар хууль эрх зүйн мэдлэггүй байсан учраас 2010 оноос Дэлхийн байгаль хамгаалах сангийн сургалтуудад хамрагдсан. Ингээд 2015 оноос өөрсдийн дүрэм журамтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай таван жилийн турш хамтран ажиллаж, гишүүдээ мэргэшүүлэх сургалтуудад хамруулсан юм. Нөхөрлөлүүд мэргэжлийн хөрөөчин, биологич, санхүүгийн мэргэжилтэнтэй болоод зогсохгүй ховор болон эмийн ургамлыг таньж мэдэх, хортон шавжтай хэрхэн тэмцэх сургалтуудад хамрагдсан. Мөн ойн дагалдах баялагаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гар урлалын сургалтад хамрагдаад байгаа. Ойгоо арчилж хамгаалах чиглэлээр чадавхжихаас гадна дагалдах баялгийг ашиглан амжиргаагаа дээшлүүлж байна” хэмээн туршлагаасаа хуваалцан ярьж байлаа.

Түүнчлэн төслөөс бодлогын орчныг сайжруулах тухайлбал, нөхөрлөлүүдэд ойн арчилгаа хийхэд дэмжлэг үзүүлэх, ойн арчилгааны норматив зардлын хэмжээг нэмэгдүүлэх, нөхөрлөлүүдийн үйл ажиллагаан дээр үндэслэн ангилах шалгуур, ойн менежментийн төлөвлөгөөнд биологийн олон янз байдлын хамгааллыг тусгаж, төслийн зорилтот бүлгүүдээс гадна тогтвортой ойн менежментийг дэлгэрүүлэх зэрэг асуудлууд дээр үр дүнтэй ажилласан байна. Төслийн дэмжлэгтэйгээр Ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтнүүдтэй хамтран ойн нөхөрлөлүүдийн амьжиргааг дээшлүүлэх замаар биологийн олон янз байдлын хамгааллыг тусгасан тогтвортой ойн менежментийг төлөвлөгөөг амжилттай боловсруулан бөгөөд, энэхүү төлөвлөгөөг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар баталснаар одоогоор 54 нөхөрлөл 10 жилийн хугацаатай ойн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа юм. НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “Ой болон бусад эмзэг экосистемийг тогтвортой удирдаж, нөөцийг зөв ашиглах нь  уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон өнөө болон ирээдүй хойч үеийн хөгжлийг зөв чиглүүлэх үндэс мөн. Түүнчлэн ой нь ядуурлыг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй.Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд нь цаашид үргэлжлүүлэн энэ чухал салбарыг дэмжин ажиллана.” хэмээв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл “Байгаль орчныг хамгаалаад зогсохгүй иргэн төвтэй экосистемийн тэнцвэрт байдлыг хангах цогц бодлогыг хэрэгжүүлж байгаагаараа НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төсөл маш чухал юм.

Ойн менежментийг хийх, аж ахуй эрхлэх чадавхид сургаж байгаад би талархалтай байна. Экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын төлөө сэтгэл зүтгэл, цаг заваа зарцуулж байгаа, мөн байгальдаа халгүйгээр үйл ажиллагаа явуулах ашиглах мэдлэгтэй хүмүүст байгалийн дагалдах баялгийг ашиглах эрх нь нээлттэй байх ёстой” хэмээв.   

Төслөөр дамжуулан СДОА-ийг түшиглэн 11 ойн мэдээллийн төвийг байгуулах, 6 нөхөрлөлийн холбоог чадавхжуулснаар хамтын оролцоотой ойн менежментийг хэрэгжүүлэх тогтолцоо бүрдэж байна.

Төслийн хаалтын үеэр Европын холбооны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люкас “Европын Холбоо Монгол дах төсөл хөтөлбөрөө эрчимтэй өргөжүүлж байгаа бөгөөд НҮБ-ын ХХААБ болон GIZ байгууллагатай хамтран ойн төсөл хэрэгжүүлэхээр болсныг дуулгахад таатай байна. Энэ төслөөр дамжуулан мод, модон бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг дэмжих замаар залууст ажил байрыг нэмэгдүүлэх зорилготой юм. Хэнтий аймаг зорилтот аймгаар сонгогдоосой гэж хүсч байна.” хэмээн ярилаа.    

НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа төслийг хааж “Монгол Улс 1973 онд НҮБ-ын ХХААБ-д гишүүнээр элсэн орсон байдаг. Түүнээс хойш хөдөө аж ахуй болон ойн хөгжлийн чиглэлээр олон ажлуудыг хийж байгаа бөгөөд 2007 оноос нөхөрлөлүүдийг дэмжих чиглэлд ажиллаж эхэлсэн юм.

Бид аливаа төслийг хэрэгжүүлэхдээ үргэлж өмнөх туршлагаасаа суралцаж байхыг эрмэлздэг. Мөн хэдийгээр бид техникийн мэргэжил, мэдлэгийг авчирч нутагшуулж байдаг ч оролцогчдоосоо байнга суралцаж байдаг юм шүү.

НҮБ-ын ХХААБ-ын хувьд бүх талуудтай тухайлбал, Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, нөхөрлөлүүд, иргэдтэй хамтарч ажиллахад хэзээд бэлэн байдаг. Тиймээс төсөл хаалтаа хийж байгаа энэ өдөр дахин нэг төслийн талаар мэдээллийг хүргэмээр байна. Даян дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэгтэйгээх 6 сая ам.долларын өртөгтэй төсөл Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хэрэгжихээр болсон. Үргэлжлүүлэн хамтран ажиллах болсондоо таатай байна” хэмээн ярилаа.

Төслийн зарим үр дүнгүүдээс:

-        460 мянган га бүхий ойн санг хамгаалдаг 54 нөхөрлөл биологийн олон янз байдлын хамгаалал болон нүүрстөрөгчийн хуримтлалын тооцоолол бүхий 10 жилийн ойн менежментийн төлөвлөгөөтэй болсон;

-        14 нөхөрлөл зэрлэг амьтдын судалгааг хийж, мэдээллээ БиоСантай хуваалцаж байна;

-        Гурван бодлогын бичиг баримт буюу 1) Нөхөрлөлийн үйл ажиллагааг үнэлэх журам, 2) Ойн менежментийн төлөвлөгөөний бүтэц агуулга, 3) Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах арга зүйг эцэслэн боловсруулж, батлуулахаар хүргүүлсэн;

-        Ойн нүүрстөрөгчийн хуримтлалын тооцооллын арга зүйг АяПиСиСиСи-ийн аргачлал дээр тулгуурлан боловсруулж, ШУА хүлээн авсан;

-        Ойн арчилгаа хийхэд олгох нэгж төлбөрийг тодорхойлж, Яамны тушаал гарах шатандаа явж байна,

-        Нөхөрлөлийн 3800 гаран гишүүнийг чадавхжуулах сургалт зохион байгуулж, 189 мэргэжлийн сертификат олгосон;

-        Мэдээлэл, мэдлэг түгээх материал, ном, сонин сэтгүүл хэвлэл;

-        Ойн түймэр, хортон шавжтай тэмцэх багаж хэрэгсэл БОАЖЯ-д хүлээлгэн өгөв;

-        Зорилтот бүс нутагт 11 ойн мэдээллийн судалгааны нэгж байгуулсан;

-        Төсөл хэрэгжиж буй аймагт 6 жижиг мужааны цех байгуулсан.