FAO in Mongolia

Хөдөө аж ахуйн өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нарыг бичил төслийн уралдаанд урьж байна!

21/08/2020

НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага 2020 оны Дэлхийн Хүнсний Өдрийг “Хамтдаа-Ургуулж өсгөе, Ундаалж хооллоё, Тогтвортой хөгжье!” уриан дор тэмдэглэж байна.

Хүнсний баталгаат байдлыг тогтвортой хангахад хүнс, хөдөө аж ахуйн салбарт өрхийн аж ахуй эрхлэгч та аюулгүй, шим тэжээллэг хүнсээр хүн амыг хангах ажилд хамгийн чухал оролцогч юм. Бид таны өөрийн эрхэлж буй аж ахуйн ажилд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд хувь нэмэр болох шинэлэг, бүтээлч санааг хүлээж байна!

ЕРӨНХИЙ ШААРДЛАГA:

  • Төслийн нийт төсөв: 1,000,000 төгрөг хүртэл
  • Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 60 хүртэлх хоног
  • Төслийн саналыг А4 хэмжээний 4 нүүрэнд багтаана.
  • Шинэлэг санаа гарган, өөрийн аж ахуйд тулгамдсан  асуудлыг шийдвэрлэсэн байх

ТӨСЛИЙН САНАЛД БАГТАХ  МЭДЭЭЛЭЛ:

  • Төслийн нэр 
  • Төслийн үндэслэл
  • Зорилго, зорилт
  • Үйл ажиллага, гарах үр дүн
  • Төсөл хэрэгжих байршил
  • Төсөлд оролцогчид
  • Төсвийн задаргаа, тайлбар

ШАГНАЛ:

Төслөө хэрэгжүүлэх санхүүжилт, дэмжлэг

ТӨСЛИЙН САНАЛ ИЛГЭЭХ:

Дараах хоёр хувилбараар бидэнд ирүүлэх боломжтой:

  1. Эх хувиар нь НҮБ-ын байранд ирүүлэх

Хаяг: НҮБ-ын ХХААБ-ын Монгол улс дахь төлөөлөгчийн газарНэгдсэн үндэстний гудамж, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар, 14201

Утас: +976-11-310248 

Цахим хаяг: [email protected]

  1. Цахим анкет бөглөн төслийн материалыг хавсарган илгээх 

Цахим анкетын линк холбоос: https://bit.ly/3hhHteV 

 

2020 оны 9-р сарын 25ны 18 цаг хүртэл 

төслийн санал хүлээн авна. 

 

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДӨР

1979 онд хуралдсан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дээд зөвлөлийн 20 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу 1981 оноос эхлэн тус байгууллагын байгуулагдсан өдөр  10-р сарын 16-ны өдрийг Дэлхийн хүнсний өдөр болгон жил бүр тэмдэглэж байна. Энэ өдөр тус байгууллагын гишүүн 150 гаруй орнууд нэгдэн хүнсний аюулгүй байдал, өлсгөлөн, шим тэжээлийн дутагдал, цаг уурын өөрчлөлт гэх мэт тулгамдсан, тодорхой асуудалд анхаарал хандуулан, хойшлуулшгүй арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхэд бүх нийтийг уриалан ажилладаг.

Дэлхий дахинд нүүрлээд буй КОВИД-19 цар тахлын хүнд үе бидэнд хүн амыг аюулгүй, шим тэжээллэг, эрүүл хүнсээр тогтвортой хангахад хүнс, хөдөө аж ахуйн салбарын үүрэг, оролцоо ямар чухал болохыг дахин нэг сануулж байна.

Сүүлийн жилүүдэд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхэд дэлхий нийтэд гарсан ололт амжилтын үр дүнд хангалттай хэмжээний хүнс үйлдвэрлэж байгаа ч  хүнсний тогтолцоонд тэнцвэрт бус байдал үүссэн байнаа нь өлсгөлөн, таргалалт, шим тэжээлийн дутагдал, байгаль, хүрээлэн буй орчны доройтол, агро-биологийн олон янз байдлын алдагдал, хүнсний хаягдал зэрэг олон байдлаар илэрч байна. Иймд хүнс, хөдөө аж ахуйн салбарт инноваци, дижитал технологи болон хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэн аюулгүй, эрүүл, шим тэжээлтэй хүнсийг бүгдэд хүртээмжтэй, тогтвортой  хангаж чадахуйц, түүнчлэн, гэнэтийн аливаа цочролыг даван туулах чадвартай тогтолцоог бий болгох чухал байна. 

Энэ жилийн Дэлхийн хүнсний өдрийг “ХАМТДАА - Ургуулж өсгөе, Ундаалж хооллоё, Тогтвортой хөгжье!” уриан дор тэмдэглэх бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд оролцогч бүх талуудыг хүнсний системийг сайжруулан хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллахыг уриалж байна.

ЗАРИМ ТОО БАРИМТУУД

  • Дэлхий дахинд баталгаат, шим тэжээлтэй, хүрэлцэхүйц хэмжээний хоол, хүнсээр тогтмол хангагдах боломжгүй нөхцөл байдалд байгаа 2 тэрбум гаруй хүн байна.
  • Судалгаагаар нийт 55 оронд, 135 сая хүн хүнсний баталгаат байдал алдагдсан, хоол хүнс, шим тэжээлийн болон амьжиргааг дэмжих тусламж яаралтай авах шаардлага тулгараад байна.
  • Хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн нийт хүнсний 14% худалдаанд гарахаас өмнөх үе шатанд хаягдаж байна. 
  • Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 10 тэрбумд хүрэх тооцоо гарч байгаа нь хүнсний хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна.
  • Хүнсний үйлдвэрлэл, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хавсарсан хүчин зүйлс биологийн олон янз байдал алдагдахад нөлөөлж байна. Өнөөдрийн байдлаар, дэлхий дахинд 30 мянга гаруй идэж болох ургамлын төрөл зүйл байдгаас нийт тариалалтын 66% нь зөвхөн 9 төрлийн ургамлыг хүнсний хэрэгцээнд зориулан тариалж байна.
  • Буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг амьдралын зохисгүй хэв маягаас үүдэлтэй хэт таргалалт хөгжингүй орнууд төдийгүй буурай орнуудад ч газар авч, дэлхий нийтэд таргалалт болон өлсгөлөн зэрэгцэн оршсоор байна. 
  • Шим тэжээл, амин дэм, эрдэс бодисийн дутагдал, хэт таргалалт зэрэг нь Дэлхийн эдийн засагт жилдээ 3.5 их наяд ам.доллараар  хэмжигдэх хүндрэл учруулж байна.