FAO in Mongolia

Зорилтот бүлгийн 1000 малчин өрхөд хүргэх хүмүүнлэгийн яаралтaй тусламжийн цуваа хөдөллөө

15/01/2021

Дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас нийгэм, эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед Монгол улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг болох мал аж ахуйн салбарт өвөлжилт хүндэрч, малчдын амьжиргаа эрсдэлд орох бодит аюул нүүрлээд байна. Болзошгүй зудын өртөнг, эмзэг байдлыг бууруулах зорилгоор НҮБ-ын ХХААБ,  ХХААХҮЯ-тай хамтран “Зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх” техник туслалцааны төслийн хэрэгжилтийг эхлүүллээ.  

Уг төслөөс зудын эрсдэл ихтэй байгаа Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн  53 сумын хонин толгойд шилжүүлснээр 300 ба түүнээс цөөн тооны малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, хөдөлмөрийн насны: өрх толгойлсон, олон хүүхэдтэй, гэр бүлийн аль нэг гишүүн хөгжлийн бэрхшээлтэй, отор нүүдэл хийх бүл, чадал муутай нийгмийн зорилтот бүлгийн 1000 өрхийг сонгож тэдгээрийн амьжиргааны хөрөнгийг хамгаалах хүмүүнлэгийн яаралтай тусламжийг олгохоор болжээ.

Тусламжаар олгох бүх төрлийн малд зориулсан 405 тонн хорголжилсон хүчит багсармал тэжээл, 50 тонн уургаар баялаг рапсын шахдас, ядарч доройтсон малын дархлаа, бодисын солилцоог дэмжих 5 тонн аминдэм-эрдэсийн нэмэлтүүдийг ачсан тусламжийн цуваа 2021 оны 1 дүгээр сарын 15-нд Улаанбаатар хотоос орон нутаг руу хөдөллөө. Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас тусламжийн цувааг аян замдаа саадгүй зорчиж, эцсийн цэгтээ хүрэхэд мэргэжлийн хяналт, удирдлагаар ханган ажиллахаар болжээ.

Тусламжид хамрагдах өрхүүдэд дунджаар 640 мянган төгрөгтэй тэнцэх бүх төрлийн малд зориулсан бүрэн найрлагат сувиллын тэжээлийн багцыг хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах, аймгийн хэмжээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалд хяналт тавих санхүүгийн дэмжлэгийг дээрх 6 аймгийн ХХААГ-уудад тус төслөөс олгосон байна.

Нэг жилийн хугацаанд хэрэгжих техник туслалцааны энэ төслийн хүрээнд  гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн чадавхыг олон улсад мөрдөгддөг заавар стандартын дагуу бэхжүүлэх үйл ажиллагаа төлөвлөгдсөн байгаа ажээ.

Монгол улсад хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хүмүүнлэгийн багийг ахалдаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага  (FAO) нь сүүлийн таван жилд зудад нэрвэгдсэн 21,240 малчин өрхийн амьжиргааг  хамгаалахад 2.4 сая ам.долларын хүмүүнлэгийн яаралтaй тусламжийг олгосон байна.