FAO in Mongolia

Европын Холбооны санхүүжилттэй НҮБ-ын ХХААБ-ын хэрэгжүүлж буй Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн сайн туршлага, сургамжийг хуваалцах цахим хурал боллоо

29/01/2021

Европын Холбооны санхүүжилттэй Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiM) төслийн сайн туршлага, сургамжийг хуваалцах цахим хурал 2021 оны 1-р сарын 29 ны өдөр зохион байгуулагдлаа. Тус хурлын зорилго нь 2016 оноос хойш 5 жилийн турш хэрэгжсэн төслийн үр шим хүртэгчид, хамтрагчдийн дуу хоолойг сонсох, тэдний олж авсан мэдлэг, туршлага, ололт амжилт, сайн туршлагыг хуваалцахад оршино.

Цахим хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн Удирдах Хорооны Дарга Г. Өнөрбаяр, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга (ХХААХҮЯ) “Монгол Улсад Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төсөл” 2 дугаар бүрэлдэхүүн хэсгийн Төслийн захирал Ц. Болорчулуун, Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны газрын багын удирдагч, Төслийн Удирдах Хорооны хамтран-Даргалагч Пьер Ив Люка, НҮБ-ын ХХААБ‑ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн хамт олон, 6 аймгийн төслийн үр шим хүртэгчдийн төлөөллүүд оролцлоо.

Хурлын үеэр төслийн зорилтот 6 аймгийн үр шим хүртэгчдийг төлөөлсөн малчид тариаланчид, хамтран ажилласан хүнсний үйлдвэрүүд болон аж ахуйн нэгжийн удирдлагууд төслөөс хэрэгжүүлсэн ажлууд хэрхэн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжиж, орон нутагт ажлын байр, орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан талаар өөрсдийн сэтгэгдэл, олж авсан сайн туршлага, сургамжийг хуваалцлаа.

SECiM төсөл нь 2016 онд хэрэгжсэн цагаасаа хойш мах, сүү, хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээнд 12 гаруй мянган малчид, тариланчид, 80 гаруй хүнс боловсруулах аж ахуйн нэгжүүдтэй ажиллаж, 2200 гаруй ажлын байрыг бий болгосон.

Дээрх үр дүнгээс харахад Монгол Улсад тэр дундаа хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх нөөц боломж их байдаг, үүнийг төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын үр дүнтэй хамтын ажиллагааны үндсэн дээр хөгжүүлэх боломжтой гэдэг нь харагдаж байна.

Сүү, мах, хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээнд төсөл нь олон чухал ажлуудыг хэрэгжүүлсэн. Жишээ нь: Алслагдсан бүсийн сүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх кластер загварыг Ховд, Хөвсгөл, Дорнод аймгуудад амжилттай хэрэгжүүлснээр малчид бүлгийн зохион байгуулалтад орж, өөрсдийн сүү боловсруулах цехтэй болж, улмаар үндэсний томоохон үйлдвэрүүд болох ТЭСО, Витафит ХХК‑уудад аарц, цөцгийн тосоо нийлүүлдэг болсон. Энэхүү ажлын үр дүнд нийт 121 ажлын байр бий болж, 740 малчдын орлого нэмэгдсэн.

Махны нэмүү өртгийн сүлжээнд малчдын орлогыг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд олон чухал ажлуудыг хэрэгжүүлсний нэг нь мах боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлыг сайжруулах, хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглаж ажилладаг болоход нь техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Үүний үр дүнд хамтран ажилласан 6 аймгийн 43 мах боловсруулах үйлдвэрийн ажилчдын тоо 489-өөр нэмэгдсэн. 

Хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээнд хүнсний ногоо тариаланчдыг төлөвлөгөөтэйгээр үйлдвэрлэл явуулж, хүнсний ногоог хагас болон бүтэн боловсруулж өртөг нэмэн зах зээлд болон боловсруулах үйлдвэрт нийлүүлэх замаар орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж, өөрсдөдөө ажлын байр бий болгоход дэмжиж ажилласан.Төслийн хүрээнд нийт 214 ногоочид аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, нийлүүлэлт хийдэг болсон.

 

Төслийн үр дүнгийн хураангуйг: https://bit.ly/3aaybzi

 

Please read summary of the project at: https://bit.ly/3qZiFgi