FAO in Mongolia

Европын Холбоо болон Монгол Улс дахь НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага Агро-бизнесийн салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санаачилга эхүүллээ

06/07/2021

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар болон НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (НҮБ-ын ХХААБ) хамтран Европын Холбооны санхүүжилттэй хэрэгжиж буй “Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн Зорилттой уялдсан Төсвийн Төлөвлөлтөөр Хөдөлмөр Эрхлэлтийн Шинэчлэлийг Дэмжих нь төсөл”-ийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр бодлого боловсруулах, нотолгоо, туршлага бий болгох зорилготой туршилтын загвар төсөл хэрэгжүүлэх нь” бүрэлдэхүүн хэсгийн техникийн уулзалтыг өнөөдөр цахимаар зохион байгууллаа. 

Тус уулзалтад Монгол Улсын Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ); Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам; Завхан, Ховд, Төв, Өвөрхангай зэрэг аймгийн Засаг Дарга нар; Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ), НҮБ-ын ХХААБ, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ)-ын удирдлага; мах, сүү, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшил болон Мэргэжлийн Сургалт, Үйлдвэрлэлийн Төв зэрэг нийт 50 гаруй төлөөлөгч оролцлоо. Тус уулзалтын гол зорилго нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монгол улсын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, экспортод гаргах замаар залуучуудыг ажлын байраар хангах, хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд оршино. 

Хурлыг нээж Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеа Европын Холбоо нь МУ-ын Засгийн газар болон олон улсын байгууллагуудтай хамтран тус улсын эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн салбар дахь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуучуудыг ажлын байраар хангах чиглэлээр ажиллаж буй талаар онцоллоо.  

НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь төлөөлөгч Винод Ахужа “Хөдөө ах ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд учирч буй бэрхшээлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдэхэд энэхүү төсөл  чухал ач холбогдолтой. Төслийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь гарааны бизнесийг бойжуулах, шинэ санаа, санаачилгыг дэмжиж ажиллах бололцоо бүрдэх юм. Энэхүү төслийн үр дүнд малчид түүхий эдээ эдийн засгийн эргэлтэд оруулж орлогоо нэмэгдүүлэхээс гадна Монголд үйлдвэрлэсэн, олон улсад өрсөлдөхүйц хэмжээний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гадагшаа гаргаж, ажлын байр нэмэгдүүлэх боломж бүрдэнэ” хэмээн онцлов. 

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич нээлтийн үеэр“Төслийн үр дүнд ажилгүй, ажил горилж буй иргэдийг бэлтгэн сургах, мэргэшүүлэх замаар тус салбар дахьзохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх боломжтой болно. Төслийн жишиг загвар нь энэхүү техникийн туслалцааны үндсэн гол цөм бөгөөд цаашид хүрээгээ тэлэх, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдотой. Төсөл амжилттай хэрэгжсэнээр   орон нутгийнхоршоог үйлдвэрлэгчидтэй холбож, бүтээгдэхүүнээ нийлүүлэх бололцоо бүрдэхээс гадна хөдөлмөрийн зах зээлд учирч буй саад бэрхшээлийг шийдвэрлэх юм” хэмээн тэмдэглэлээ. 

“Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн Зорилттой Уялдсан Төсвийн Төлөвлөлтөөр Хөдөлмөр Эрхлэлтийн Шинэчлэлийг Дэмжих нь” цогц төслийг ЕХ-ноос санхүүжүүлж (7.4 сая евро) буй бөгөөд НҮБХХ, НҮБ-ын ХХААБ болон ОУХБ-аас хамтран хэрэгжүүлэх юм. Тус төсөл нь Европын Холбоо болон Монгол Улсын Засгийн газар хоорондын байгуулсан гэрээний хүрээнд Монгол Улсын Сангийн яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран Европын Холбооны 50.8 сая еврогийн буцалтгүй тусламжаар анх удаагаа хэрэгжүүлж буй Хөдөлмөр Эрхлэлтийн Шинэчлэлийг Төсвийн Хөрөнгөөр Дэмжих томоохон хөтөлбөрийн нэг хэсэг юм. 

***