FAO in Mongolia

ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ЭЦЭСЛЭН БАТЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ.

15/10/2021

УИХ-ын намрын ээлжит чуулганы 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, эцэслэн батлахаар шийдвэрлэлээ. Энэ үйл явц нь Дэлхийн хүнсний өдрийн өмнөх өдөр тохиож байгаагаараа онцлог байлаа.

Тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, арвин ургац авах үндсэн асуудлын нэг нь ургамлын дэвшилтэт сортыг бүтээх, улмаар тухайн бүс нутагт дасан зохицсон сортын үрийг тариалах, үрийн чанарыг сайжруулах, хангамжийг нэмэгдүүлэх явдал боллоо. Өөрөөр хэлбэл, энэ хууль нь геополитикийн өндөр ач холбогдолтой юм.

Энэ хуулиар таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацийг хөгжүүлэх, үрийн шударга худалдааг төлөвшүүлэх, генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, таримал ургамлын шинэ сорт бүтээх, сорт бүтээгчийн эрхийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулсан.

Уг хууль нь нэг талаас ган, халуун, өвчин, хортонд тэсвэртэй дэвшилтэт сортыг бүтээх үйл ажиллагааг дэмжих, тариаланчид нутагшсан сортын баталгаажуулсан үрээр өөрсдийн нутаг орны онцлогт тохируулан тариалалт хийх боломжийг олгож, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх, тариалангийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна. Нөгөө талаас хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг боловсруулахад ШХА-гаас санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын ХХААБ-гаас техникийн зөвлөмжөөр хангаж, ХХААХҮЯ-тай хамтарч ажилласан