FAO in Mongolia

НҮБ-ын ХХААБ, Сэлэнгэ аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний суурь судалгаан дээр хамтран ажиллана

16/02/2022

НҮБ-ын ХХААБ, Сэлэнгэ аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний суурь судалгаа боловсруулахад хамтран ажиллахаар боллоо.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга Нацагдоржийн Лхагвадорж нар Сэлэнгэ аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах хамтын ажиллагааны гэрээнд  гарын үсэг зурав.

Энэ ажлыг Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй "Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах" (STREAM) төслийн хүрээнд  хийж гүйцэтгэх юм.

Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь газар, байгалийн нөөцтэй холбоотой бүхий л салбарын суурь, бодлогын баримт бичиг болдог гэдэг утгаараа энэ нь туйлын чухал ажил болох юм. Энэхүү төлөвлөгөөг боловсруулахад СТРИЙМ төслийн зүгээс Агроэкологийн аргачлал дээр суурилсан ургамал, амьтан, хүн, хүрээлэн буй орчны хоорондын уялдааг оновчтой болгох тал дээр анхааран ажиллахаар төлөвлөж байна.

 

 СТРИЙМ төслийг Европын холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны хамтарсан санхүүжилттэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлж байна. СТРИЙМ төсөл нь “Монгол улсад хүнсний тогтолцоо, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд шинэлэг, тогтвортой, ландшафтын түвшний менежментийг хэрэгжүүлэх чадавхыг нэмэгдүүлэх” зорилготойгоор хэрэгжиж байна.