FAO in Mongolia

“СТРИЙМ” Төслийн Өмнөдэлгэр суманд ажиллалаа

04/03/2022

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг хатагтай Аксель Никэйз болон Европын Комиссын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн төлөөлөгчид НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа, болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Суурин төлөөлөгч Даниел Пассон хамтаар “СТРИЙМ” төслийн хүрээнд Өмнөдэлгэр сумын дээд хэмжээний айлчлал хийж сумын Засаг даргатай албан ёсны уулзалт хийв. 

Энэхүү айлчлал нь Хэнтий аймагт шинээр хэрэгжиж эхэлсэн “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (СТРИЙМ) төслийн хүрээнд санал болгож буй шийдлүүдийг танилцуулах зорилготой юм. СТРИЙМ төсөл нь “Монгол улсад хүнсний тогтолцоо, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд шинэлэг, тогтвортой, ландшафтын түвшний менежментийг хэрэгжүүлэх чадавхыг нэмэгдүүлэх” зорилготойгоор Хэнтий аймгийн Биндэр, Өмнөдэлгэр, Баян-Адрага суманд 2021 оноос 2024 он хүртэл, гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд төслийн нийт санхүүжилт нь 4.55 сая евро юм.  Энэхүү төслийг Европын холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны хамтарсан санхүүжилттэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлж байна.

Өнөөдөр сумын засаг даргатай хийгдсэн уулзалтын үеэр оролцогч харгалзах байгууллагын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, уялдаа холбоо, цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. Түүнчлэн, айлчлалын үеэр орон нутгийн удирдлагуудын зүгээс “СТРИЙМ” төслийг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

 

Холбогдох мэдээлэл:

  • М.Ганчимэг, Европын Холбооны Монгол дахь Төлөөлөгчийн газрын Улс төрийн бодлогын зөвлөх  (мэйл: [email protected])
  • Г.Пагмасүрэн, НҮБ-ын ХХААБ-н Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн (утас: 9510 5095; мэйл: [email protected])
  • Б.Анармаа, GIZ -ийн МХ & ХҮ хариуцсан ажилтан  (утас: 8802 7691; мэйл: [email protected])