FAO in Mongolia

"Органик хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн орчныг сайжруулах нь" хэлэлцүүлгийг Сэлэнгэ аймагт зохион байгууллаа

10/06/2022

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхий дахинд хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн арга технологи шинэчлэгдэж, хүн амын дунд органик хүнс хэрэглэх чиг хандлага эрс нэмэгдэж байгааг дагаад 2016 онд батлагдан хэрэгжиж байгаа Органик хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий болоод байна.

Тиймээс "Органик хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн орчныг сайжруулах нь" хэлэлцүүлгийг ШХА-ийн санхүүжилттэй НҮБ-ын ХХААБ-гаас хэрэгжүүлж буй Монгол ногоо төсөл нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Т.Энхтүвшин, Т. Аубакер нарын ажлын албатай хамтран Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод 2022.06.08-ны өдөр тус аймагт органик тариалан болон зөгийн аж ахуй эрхлэгчдийн дунд зохион байгууллаа. Уулзалтанд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж, тус аймгийн ХААГ-ын дарга болон тус аймгийн 9 сумын органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, хоршоод, ногоочдын төлөөллүүд Органик хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн эрх зүйн орчны хүрээнд органик үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, импорт, экспорт болон баталгаажуулалтын  үйл ажиллагаа эрхлэх явцад тулгарч буй бэрхшээл, сайжруулах боломжийн талаар хэлэлцэж санал бодлоо солилцлоо.