FAO in Mongolia

“Газар зүйн заалтын ач холбогдол” чуулга-уулзалт амжилттай эхэллээ.

26/09/2022

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Европын Холбоо (ЕХ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ) хамтран “Газар зүйн заалтын ач холбогдол” чуулга уулзалтыг 2022 оны 9 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

“Газар зүйн заалт” гэж тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншил зэрэг хүчин зүйлээр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар бүхий бүтээгдэхүүний нэрийг хамгаалах, баталгаажуулах оюуны өмчийн эрх юм. Газар зүйн заалт нь тухайн бараа, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлсон газар нутгийн нэр дангаараа, эсхүл тухайн бараа, бүтээгдэхүүний нэртэй хосолсон хэлбэрээр илэрхийлэгдэж болно. Жишээлбэл: Францын Бордо мужид үйлдвэрлэсэн “Бордо” дарсыг дэлхий даяар мэддэг.

Монгол Улсын хувьд Увс аймагт ургуулсан чацарганыг “Увсын чацаргана” хэмээх нэрээр Европын Холбооноос газар зүйн заалттай бүтээгдэхүүнээр энэ оны эхээр бүртгэсэн.

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд газар зүйн заалт бүхий бүтээгдэхүүний хөгжүүлэлт, түүнийг оюуны өмчийн хувьд баталгаажуулан хамгаалах сонирхол дэлхий дахинд ихээхэн нэмэгдэж байна. Нэн ялангуяа, Азийн улс орнуудын хувьд өөрсдийн онцлогт тохирсон газар зүйн заалтын эрх зүйн орчин болон бүртгэлийн систем нэвтрүүлснээр өдгөө 3700 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн бүртгүүлээд байна.

Энэ нь экспорт болон дотоодын эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр үзүүлж байна. Жишээ дурдахад, Камбож улсын Кампот мужид тариалдаг хар чинжүүг 2009 онд 1кг-ийг нь 4.50 ам доллароор борлуулдаг байсан бол газар зүйн заалтад бүртгүүлсний дараа буюу 2018 онд 1 кг нь 15 ам доллар болон үнэ нь өсжээ. Мөн энэхүү газар зүйн заалттай бүтээгдэхүүний ачаар тухайн газар нутгийн нэр олонд танигдаж, дотоод болон гадаад аялал жуулчлал хөгжсөн байна.

Чуулга уулзалтын зорилго нь Монгол улсын эдийн засагт газар зүйн заалт бүхий бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн гүйцэтгэх үүргийг тодорхойлох, хөдөө аж ахуйн чанартай, нэр хүндтэй бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн маркетингийн боломжуудыг бий болгох, үндэсний газар зүйн заалтын тогтолцоог боловсронгуй болгох шийдлийн талаар олон улсын сайн туршлагыг солилцох, Монгол улсад нутагшуулах арга замыг хэлэлцэхэд оршино.

“Газар зүйн заалтын ач холбогдол” чуулга-уулзалтыг Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын ХХААБ хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах" (СТРИЙМ) төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. СТРИЙМ төсөл буюу “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төслийг Европын Холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны хамтарсан санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны

нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ), Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлж байна.

Холбогдох хүмүүс:

· Г.Пагмасүрэн, СТРИЙМ төслийн Мэдээлэл харилцаа хариуцсан мэргэжилтэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (Имэйл: [email protected] ; Утас: +976 95105095)

· Ч.Цэлмэг, Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар (Имэйл: [email protected] ; Утас: +976 99630057) · Г. Тэлмэн , Ахлах мэргэжилтэн, Оюуны Өмчийн Газар (Email: [email protected] ; Phone: +976 95881458)

· Г. Тэлмэн , Ахлах мэргэжилтэн, Оюуны Өмчийн Газар (Email: [email protected] ; Phone: +976 95881458)