FAO in Mongolia

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЭЛЭГ ГАРААНЫ БИЗНЕСҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА

09/03/2023

Хөдөө аж ахуйн салбар нь манай орны ДНБ-ний 13%-ийг, нийт ажиллах хүчний 26%-ийг бүрдүүлж буй эдийн засгийн голлох салбаруудын нэг төдийгүй хүн амын хоол тэжээл, хүнсний хэрэгцээ, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй салбар юм. Иймд энэ салбар дахь залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний инновац шингэсэн бүтээгдэхүүн, шийдлийг дэмжих зорилготойгоор шинэлэг гарааны бизнесүүдийг шалгаруулах “Agripreneurship Challenge” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээн нь Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн Зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд 3 сарын турш үргэлжилснээр өндөрлөлөө.

“Agripreneurship Challenge” тэмцээнд 21 аймаг, нийслэлээс нийт 100 гаруй аж ахуй нэгж бүртгүүлснээс эцсийн шатанд 8 компани шалгарч, 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр “Demo Day” арга хэмжээний үеэр питч танилцуулгаа тавилаа. Ийнхүү, шалгаруулалтын дүнд шилдэг оролцогчид тодорлоо.

I байрыг Эйрий Фелт ХХК–ийн “Агаарын хонин ноосон шүүлтүүр”

II байрыг Мэжик би фүүдс ХХК-ийн зөгийн хандны өвдөлт намдаах, үрэвсэл дарах, эд эс сэргээх үйлчилгээтэй тосон түрхлэг

III байрыг Спек материалс ХХК-ийн аргалын цаас зэрэг эзлэв.

Шилдгээр шалгарсан 3 компани нийт 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын шагналын эзэд болоод зогсохгүй төслийн зүгээс үргэлжлүүлэн хамтран ажиллаж тэдний шинэлэг бүтээгдэхүүнийг Монгол төдийгүй олон улсын зах зээлд гаргахад үргэлжлүүлэн дэмжих юм.

 

Шилдэг оролцогчдын компани болон бүтээгдэхүүний танилцуулгатай дараах линкээр орж танилцана уу. https://bit.ly/3T3fYJU

***

Төслийн талаарх ерөнхий мэдээлэл

“Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл нь Монгол Улсын Засгийн газартай хийсэн гэрээний дагуу Европын Холбооноос үзүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан Төсвийн дэмжлэгийн Техникийн туслалцааны бүрэлдэхүүн хэсэг юм. Энэхүү техникийн туслалцааны төслийн ерөнхий зорилго нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд оршино. Түүнчлэн хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр дүнтэй, хариуцлагатай, шуурхай  хүргэх; төсөв, санхүүгийн удирдлагын (ТСУ) тогтолцоог сайжруулах, институтийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран хэрэгжүүлдэг. Засгийн газрын түвшинд Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай түншлэн ажилладаг.