FAO in Mongolia

Ургамал хамгаалал

20/03/2023

Ургамал хамгаалал гэдэг нь ургамлыг өвчин, хортон, хог ургамлаас хамгаалах, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний ургацыг сайжруулж, хорогдлыг багасгах ач холбогдолтой ч нөгөө талаасаа ургамал хамгааллын үйл ажиллагаанд химийн бодис хэрэглэдэг учраас хэрэглээг нь зөв төлөвшүүлээгүй тохиолдолд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Ийм учраас дэлхийн нийтийн чиг хандлага ургамлыг өвчин хортонд нэрвэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх, ургамлын эрүүл мэндийг хамгаалахад бодлого, эрх зүйг чиглүүлж байна. Манай улс газар тариалангийн салбарынхаа хөгжлийн онцлог, дэлхийн чиг хандлагад уялдуулан ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага байгааг онцолсон. 

Иймд ШХА-ын санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж байгаа Бүрэлдэхүүн хэсэг-4:Эрх зүйн орчин (Монгол ногоо) төсөл нь “Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль”-ийн төслийг Ургамал хамгааллын олон улсын конвенц, түүнийг дагалдан гарсан стандартуудад нийцүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллаж байна. Төсөл нь 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль”-ийн хэлэлцүүлгийг ХХААХҮЯ-ны төлөөлөл, салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, ТББ-ын төлөөлөл болон ажлын хэсгийн гишүүдийг оролцуулан зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийн зорилго нь хуулийн төслийг эцэслэх, эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд, салбарын төрийн бус байгууллагын төлөөллийн  санал, зөвөлгөөг тусган, Засгийн газраар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах явдал байсан юм.

Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, Ургамал хамгаалын эрдэм шинжилгээний хүрээлэн, ХААИС, салбарын ТББ болон эрдэмтэд, судлаачип, мэргэжилтнүүдийн төлөөлөл зэрэг 40 гаруй оролцогчид оролцлоо.