Шүлхий өвчний дэгдэлтээс сэргийлэх зорилгоор 6.5 сая тун вакциныг нийлүүллээ
2022 оны эхээр Монгол Улсын хэмжээнд шүлхий өвчний дэгдэлт нэмэгдэж нийт 98 суманд бүртгэгдээд байсан. Энэ үед Дэлхийн банкны санхүүжилттэй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгжүүлж буй Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (МАА-н ЭЗЭН) төслийн хүрээнд зөвхөн үхэр болон сарлагийн сүргийг дархлаажуулах стратегийг боловсруулах болон хэрэгжүүлэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Мал эмнэлгийн ерөнхий газарт дэмжлэг үзүүлэн ажилласан юм.
2022 оны 4-р сард эхний үхэр сүргийн вакцинжуулалт хийгдсэнээс хойш гурван сарын дараа улсын хэмжээнд вакцинжуулалтын дараах ийлдэс судлалын тандалт хийгдсэн ба тандалтын үр дүнгээс харахад улсын хэмжээнд нийт сумдын 96%-д нь үхэр, сарлаг шүлхий өвчнөөс хамгаалагдсан байна. Шүлхийн вакцин нь 6 сарын хугацаанд л халдвараас хамгаалдаг тул 2022 оны 11-р сард сард хоёр дахь вакцинжуулалт хийгдсэн. Үхэр сүргийг вакцинжуулж эхэлснээс хойш шүлхийн дэгдэлтийн тоо огцом буурч нийт 10-аас дээшгүй тохиолдол бүртгэгдсэн байна.
Вакцинжуулалтыг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай тул МАА-н ЭЗЭН төслөөс 2023 онд хэрэглэх 6.5 сая тун вакциныг нийлүүлж, ХХААХҮЯ-д өнөөдөр хүлээлгэн өгч байна. Мал сүргийг вакцинжуулах энэхүү ажлын хүлээгдэж буй үр дүн нь “Шүлхийтэй тэмцэх урт хугацааны стратеги” (2022-2028)-ийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх явдал юм.