FAO in Mongolia

Дэлхийн хүнсний өдөрт зориулсан эссе бичлэгийн уралдаанд урьж байна

06/08/2020

ХАМТДАА – Ургуулж өсгөе, Ундаалж хооллоё, Тогтвортой хөгжье сэдэвт эссе бичлэгийн уралдаанд  ЕБС-ын 10-12 дугаар ангийн сурагчдыг оролцохыг урьж байна.  

Удирдамж 

 

  

 

Уралдааны зорилго

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) 1945 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ба энэ өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” (ДХӨ) болгон зарлаж, жил бүр тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил ХХААБ-ын 75 жилийн ойн хүрээнд

БИДНИЙ ҮЙЛДЭЛ - БИДНИЙ ИРЭЭДҮЙ:

ХАМТДАА – Ургуулж өсгөе, Ундаалж хооллоё, Тогтвортой хөгжье. уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 

ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас тус өдрийг тохиолдуулан ЕБС-ын 10-12 дугаар ангийн сурагчдын дунд эссе бичлэгийн уралдааныг 3 дахь жилдээ зарлаж байна. Бид энэ арга хэмжээгээр дамжуулан хүүхэд залуучуудын үзэл бодол, дуу хоолойг олон нийтэд хүргэж, дэвшүүлж буй шинэлэг санааг цаашдын үйл ажиллагаандаа тусгахыг зорьдог.

Агуулга

ДХӨ-ийн уриа болон Тогтвортой Хөгжлийн Зорилго 2: Өлсгөлөнг зогсоох зорилгын хүрээнд доорх асуудлуудыг хөндсөн агуулгатай байна. Үүнд:

  • Эрүүл, тэжээллэг хоол хүнсийг тасралтгүй бэлтгэдэг тариаланчид, малчид;
  • Хүнсийг үйлдвэрлэх, зохистой хэрэглэх, хаягдлыг багасгахад хүн бүрийн оролцоо;
  • Хүнсний баталгаат байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд КОВИД-19 цар тахлын учруулж буй нөлөө.

Хэн оролцох вэ

Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид

Шагнал, урамшуулал

  • Тэргүүн байр - 1: Батламж, дурсгалын зүйл. 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах ДХӨ-ийг тэмдэглэх ёслолын үйл ажиллагаанд оролцох урилга. (Хөдөө орон нутгаас шалгарсан оролцогчийн асран хамгаалагчийн хамт УБ хотод ирж, буцах зардлыг тус байгууллагаас хариуцна). Шалгарсан эссег НҮБ-ын ХХААБ-ын цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэнэ.
  • Дэд байр - 2: Батламж, дурсгалын зүйл.

Тавигдах шаардлага

  • Эссе нь сэдэв, агуулгад нийцсэн байх
  • Асуудал хөндсөн байх
  • Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
  • Бусдын оюуны бүтээлийг хүндэтгэж, эх сурвалжийгтодорхой заасан байх
  • Үгийн тоо 500 хэтрэхгүй байх
  • Зөв бичих дүрмийн болон найруулгын алдаагүй байх
  • Шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлагахангаагүй материалыг шалгаруулалтад оруулахгүй.

Шалгаруулах журам

0-3 хүртэл онооны системээр дүгнэж нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ.

  • Найруулга, зөв бичих дүрмийн алдаа, үгийн тоо (1 оноо);
  • Сэдэв, агуулгад нийцсэн байдал (3 оноо);
  • Тулгамдсан асуудал хөндсөн байдал (3 оноо);
  • Шинэлэг санаа, шийдэл дэвшүүлсэн байдал (3 оноо).

Эссег 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл https://forms.gle/74XcP6aTRtB5Ha9u6 холбоосоор хүлээн авна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 150 гаруй орон энэ өдрийг нэгдсэн нэг уриан дор тэмдэглэж, хүнсний баталгаат байдлыг хангах, өлсгөлөнг зогсоох, шим тэжээлийн дутагдал гэх мэт тулгамдсан тодорхой асуудлуудад дэлхий нийтийн анхаарлыг хандуулан хойшлуулшгүй арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чиглэн ажиллаж байна.

Дэлхий дахинд аюулт КОВИД-19 цар тахал тархсан хэцүү үе тохиож дэлхийн хүн амыг тасралтгүй, тогтвортой, эрүүл хүнсээр хангаж буй хүнс, хөдөө аж ахуйн салбарын оролцогчдын үүрэг, оролцоо хэр чухал гэдгийг бидэнд дахин нэг сануулж байна.  

Сүүлийн хэдэн арван жилийн туршид Дэлхий нийт хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх тал дээр анхааран, чамлалтгүй ахиц гаргаж, хүн амын хүнсний хэрэгцээг бүрэн хангахуйц хэмжээний хүнс үйлдвэрлэж байна. Гэсэн хэдий ч өлсгөлөн, хэт таргалалт, хүрээлэн буй орчны доройтол, агро-биологийн олон янз байдал алдагдах, хүнсний хаягдал зэрэг олон асуудлууд тулгамдсан хэвээр байна. Эдгээр асуудлууд хүнсний тогтолцоонд тэнцвэргүй байдал үүссэн байгааг гэрчилж, өөрчлөн шинэчлэх хэрэгтэйг харуулж байна.

Бид хамтдаа хүнс үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн тогтолцоог гэнэтийн цочролд бэлэн, олонд хүртээмжтэй, баталгаат, эрүүл, шим тэжээлтэй, тогтвортой байлгахад зорьж ажиллан энэ салбарт инноваци, дижитал технологи, тогтвортой хөдөө аж ахуйн туршлагуудыг нэвтрүүлэх нь чухал юм.

Энэ жилийн Дэлхийн хүнсний өдрийг “ХАМТДАА - Ургуулж өсгөе, ундаалж хооллоё, тогтвортой хөгжье! уриан дор тэмдэглэн хоол хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд оролцогч бүх талуудыг хамтран ажиллаж хүнсний системийг сайжруулан хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, хүнсний аюулгүй байдлыг хангахад гар бие оролцохыг уриалж байна. БИДНИЙ ҮЙЛДЭЛ, БИДНИЙ ИРЭЭДҮЙ.