FAO in Mongolia

Европын Холбооны санхүүжилттэй Хөдөлмөр Эрхлэлтийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд 2,200 гаруй ажлын байр бий болголоо

22/12/2020

Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн 9 дэх удаагийн буюу сүүлчийн Төслийн Удирдах Хороо (ТУХ) 12 дугаар сарын 18-нд цахим хурлаа хийлээ. Төслийн Удирдах Хорооны цахим хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга, ТУХ-ны дарга Г.Өнөрбаяр, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцию Христеа, ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Төслийн захирал Ц. Болорчулуун, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа, НҮБ-ын Аж Үйлдвэрийн Байгууллагын Агро-бизнесийн Газрын Тогтвортой хүнсний систем хэлтсийн дарга  Али Бадарнех, Төслийн Менежер, холбогдох яамдын удирдах хорооны гишүүд, аймгийн засаг даргын тамгын газар, боловсруулах үйлдвэрүүд, мэргэжлийн холбоод, хамтрагч талуудын нийт 44 төлөөлөл оролцов. 

 “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” нь хүнсний болон хүнсний бус нэмүү өртгийн сүлжээнд i) мах, ii) сүү, iii) ноос, ноолуур iv) арьс, шир v) хүнсний ногооны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажлын байр бий болгох зорилготой.  Төсөл нь  хувийн хэвшилтэй хамтрах гол стратеги барьж ажилласан. Нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхдээ малчид, тариаланчид болох үйлдвэрлэгчдийг үндэсний хэмжээний болон орон нутгийн боловсруулах үйлдвэр болох хувийн хэвшилтэй холбох, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх тал дээр илүүтэй анхаарч ажилласан. Энэ стратеги нь “Фермээс-зах зээлд” гэсэн түгээмэл байдаг төслийн моделд өөрчөлт авчрах боломж бүрдүүлж,  жижиг үйлдвэрлэгчдийн зах зээлд өрсөлдөх чадавхыг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргасан.

 “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” нь сонгосон нэмүү өртгийн сүлжээнүүдэд олон төрлийн шинэ инновацийг нэвтрүүлсэн юм. Заримаас дурдвал: агшин зуур хөлдөөх, хүнсний ногоог хуурайгаар цэвэрлэх, арьс ширэн түүхий эдийг гологдолгүйгээр бэлтгэх, хонины ноосыг машинаар хяргах олон технологи нэвтрүүлсэн. Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандарт, Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг хянах тогтолцоо,  Арьс ширний олон улсын зөвлөл, Халал, сайн үйлдвэрлэлийн дадал, хөдөө аж ахуйн зохистой дадлуудыг танилцуулав. Хамтарсан төр, хувийн хэвшлийн олон мянган ажилчид, албан хаагчид төрөл бүрийн сургалтад хамрагдан чадавх нь бэхжив. Төсөл нь  нэмүү өртгийн сүлжээг тусгай бүтээгдэхүүнд суурилан хөгжүүлэх  аргачлалыг боловсруулсан нь  хамгийн их ач холбогдолтой байв. Төсөл 5 жил хэрэгжих хугацаандаа 12,000 гаруй малчид, ногоочид, 80 гаруй боловсруулах үйлдвэрүүдтэй хамтран ажилласны дүнд мах, сүү, хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээний хүрээнд 2,200 ажлын байрыг бий болгосон.

Траян Лауренцию Христеа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, “Европын Холбооны татвар төлөгчдийн мөнгө хамгийн сайнаар ашиглагдсан” хэмээн дүгнэсэн нь төсөл хэрэгжүүлэгчид талд тавьсан өндөр үнэлгээ байлаа.