FAO in Mongolia

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан мэдэгдэл

08/03/2021

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан  

Монгол Улс дахь НҮБ-ын хамтарсан мэдэгдэл

2021 оны 3 дугаар сарын 8

 

Монгол Улсад КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд эмэгтэйчүүд манлайлж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч, хоол хүнс үйлдвэрлэгч, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, төрийн албан хаагч зэрэг олон ажил үүргийг эмэгтэйчүүд гүйцэтгэж байна.

Монгол Улсад коронавирусын халдвар авсан хүмүүст эмчилгээ, үйлчилгээ үзүүлж өөрсөддөө  эрсдэл үүрч байгаа эрүүл мэндийн салбарын нийт ажилтны 82 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Нийт ээжүүд ч хямралын хүнд хэцүү энэ цаг үед үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, боловсролтой болгох, нийгмийн харилцаанд орох эрхийг нь хангахын төлөө өөрсөддөө тулгарах бэрхшээлийг үл тоон бэлхэнээ зогсож байна. НҮБ-ын зүгээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах 2021 оны энэ өдрийг “Удирдах түвшин дэх эмэгтэйчүүдийн манлайлал: КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэлд Эрх тэгш Ирээдүйг бүтээе” уриан дор цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед  эмэгтэйчүүд, охидын оруулж буй үнэтэй хувь нэмрийг онцгойлон тэмдэглэж байна.

Үүний зэрэгцээ цар тахлын үеийн гол ачааг эмэгтэйчүүд, охид үүрч байгааг ч бид хүлээн зөвшөөрөх учиртай. Засгийн газраас хэрэгжүүлж буй онцгой байдлын  хатуу чанга арга хэмжээнүүд нь нэг талаас халдварын тархалтыг хязгаарлах, хүний амь насыг хамгаалахад тус болж буй хэдий ч, нөгөө талаас эдгээр арга хэмжээний уршгаар эмэгтэйчүүд, охидод тулгарах эрх тэгш бус байдлыг улам бүр хурцдуулж, жендэрийн эрх тэгш байдлыг хамгаалах талаарх олон жилийн зүтгэл, ололт амжилтыг хойш татахад хүргэж байна.

Цар тахлын үед хамгийн хүндээр эрсдэлд орж буй салбарууд болох бичил бизнес, жижиг, дунд үйлдвэрүүд, албан бус эдийн засагт эмэгтэйчүүд олноор ажиллаж байна. Түүнчлэн  хямралын үед эмэгтэйчүүд олноор ажлын байргүй болох магадлал ч өндөр байна.

Малчин эмэгтэйчүүд хүнсний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа  хэдий ч тэдний хувьд үйлдвэрлэлийн арга хэрэгсэл, үйлчилгээ, технологи, санхүүжилт олж авахад эрэгтэйчүүдээс илүү бэрхшээлтэй тулгарч байна. Ийм эмзэгшилт  байдал нь КОВИД-19 цар тахлын нийгэм, эдийн засгийн уршиг нөлөөлөлтэй хавсран улам бүр дордож байна.

Сургууль, цэцэрлэгүүд хаагдсан, хөл хорио тогтоосон зэргээс шалтгаалан цалин хөлсгүй халамж асаргааны ажлын ачаалал эрчимтэйгээр нэмэгдэж эмэгтэйчүүд, охидын үүрэх ачаалал улам ихэссэн. Энэ нь угаасаа хүнд бэрх болж байсан цаг үед тэдний ажил хөдөлмөрөө хийх, сурч боловсрох, өөртөө анхаарал тавих, өөрийгөө хөгжүүлэх зэрэг хэрэгцээ нь орхигдоход илүү нэрмээс болж байна.    

Онцгой байдал, хорио цээрийн дэглэм тогтоосноор ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хувьд нийгмийн болоод эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөлийг улам бүр хүндрүүлж байна.  Хямралын үед Монгол Улсад эхийн эндэгдэл 28 хувиар өссөн бөгөөд нийт эндэгдлийн 22 хувь нь эмэгтэйчүүдийн эрхээ хамгаалах чадваргүй байдал болон цар тахалтай холбоотой асуудлаас шууд нөлөөлжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг зэрэг жендэрт суурилсан хүчирхийлэл цар тахлын дэгдэлтийн үед газар авч байна. Тус улсад анх удаа гэр бүлийн хүчирхийллийн ноцтой тохиолдлын тоо 16 хүртэл хувиар өссөн нь өмнөх жилүүдэд тууштай буурч байсан уг үзүүлэлтийг эсрэгээр нь эргүүлсэн байна.

Дэлхийн өнцөг булан бүрт КОВИД-19 цар тахалтай тэмцэх, улс орноо сэргээн босгох үйлсэд эмэгтэйчүүд манлайлж байгааг бид бэлхнээ харж байна. Эмэгтэйчүүдийн удирдсан улс орнууд ард иргэдийнхээ нийгэм, эдийн засаг, аж байдлыг хамгаалахын зэрэгцээ халдварын тархалтыг хамгийн доод түвшинд барьж болохыг үзүүлж байна. Сайн засаглал, ардчилал, энх тайван, хөгжил дэвшил нь оролцоог хангасан манлайлал, төлөөллийн тогтолцоо урт хугацааны туршид үр дүнтэй төлөвшсөн тэр цагт л бүрэн цогцолж байдгийг бидэнд туршлага харуулсан. 

Гэтэл Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдал алдагдсан хэвээр байна. Монгол Улсын Их Хурлын нийт гишүүдийн 17 хувь буюу 13 нь эмэгтэйчүүд байна. Эрүүл мэндийн салбарын нийт ажилтны дийлэнхийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа  хэдий ч Улсын онцгой комиссын 26 гишүүний 12 хувь нь буюу 3 нь эмэгтэйчүүд байна.

Цар тахалтэй тэмцэх болон улс орноо хямралаас сэргээн босгох бүхий л явцад жендэрийн эрх тэгш байдлыг хангах, тэр тусмаа эмэгтэйчүүдийн манлайллыг ашиглах  гайхалтай  боломж байгааг үүгээр бид цохон тэмдэглэж байна.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг бэхжүүлэхэд чиглэсэн бодитой үйл хэргийг одооноос эхлүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм болон бусад байгууллагуудад хандан НҮБ уриалж байна. Бид бүтцийн саад тотгорыг арилгаж, олон нийтийн үйл хэрэг, эдийн засаг, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн чөлөөт оролцоог хангахад саад тотгор болж буй аливаа ялгаварлан гадуурхах агуулгатай хэм хэмжээг засч өөрчлөх шаардлагатай. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүд, охидод нэн шаардлагатай бөгөөд амь насыг нь хамгаалах үйлчилгээг бэлэн, хүртээмжтэй  байлгаж, цар тахлын үед тэдэнд тулгарах бэрхшээлийг шийдвэрлэх нөхцөлийг бүрэн хангасан тохиолдолд тэд хүчирхэгжиж Монгол Улсын хөгжлийн идэвхтэй оролцогч, хөдөлгөгч хүчин болж чадна.

 

Бид үүнийг хийхийн тулд тусгайлсан арга хэмжээ авах, квот тогтоох замаар эрх тэгш төлөөллийг баталгаажуулж өгөх; хөдөлмөрийн зах зээл, үйлдвэрлэлийн арга хэрэгсэл, боломжийг тэгш хүртээх замаар эдийн засгийн харилцаанд эмэгтэйчүүд бүрэн чөлөөтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх; нийтийн болон хувийн бүхий л орчин нөхцөлд  жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн санхүүжилт, бодлого, улс төрийн шийдвэр гаргах замаар эмэгтэйчүүд, охид хүчирхийллийн айдасгүй ажиллаж, амьдрах боломжтой нийгмийг бий болгох; эцэст нь, хүн амын дунд жендэрийн эрх тэгш байдлын үнэ цэнийг мэдрэх сэтгэлгээ, нийгмийн хэм хэмжээг өөрчлөх хэрэгтэй байна.

 

Хамтын хүчээр Монгол Улсад илүү сайн сайхныг бүтээцгээе.