FAO in Mongolia

Европын Холбоо, ХХААХҮЯ болон НҮБ-ын ХХААБ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллана

06/04/2021

Улаанбаатар хот - 2021 оны 4 сарын 6

Өнөөдөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ) агро-бизнесийн салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой төсөлд гарын үсэг зурлаа.  Энэхүү төсөл нь Европын Холбооны санхүүжилтээр, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр тэргүүлэн, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага хамтран хэрэгжүүлэх “Монгол улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төсөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” хэмээх томоохон төслийн бүрэлдэхүүн юм. Тус төсөл нь үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, төсөв санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх, улмаар Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Төслийн баримт бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааны үеэр Элчин сайд Траян Христеа “Европын холбоо 2015 оноос хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээр дэмжин ажиллаж байна. Бид өмнөх “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” олон шинэ инноваци нэвтрүүлж, өртгийн сүлжээнд 2500 гаран ажлын байрыг болгосон амжилттай үр дүнг гарган хэрэгжүүлсэн. Энэ шинэ төсөл маань залуучууд, эмзэг бүлгийнхэнд хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай дахин хамтран ажиллах болсондоо тун таатай байна.” гэж онцолж байлаа.

ХХААХҮЯам болон НҮБ-ын ХХААБ хамтран хэрэгжүүлэх бүрэлдэхүүн хэсэг нь хөдөө аж ахуйн салбар дахь залуучуудад ажлын байрыг олноор бий болгох боломж олгох төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнтэй загварыг бий болгож турших, инноваци нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйн өртгийн сүлжээг хөгжүүлэх ахиулах, дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөхүйц, чанар, аюулгүйн стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний брэндүүд бий болгохыг дэмжих зэрэг олон үр дүнтэй ажлуудыг хийх юм.

З.Мэндсайхан Сайд “МУ-д хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг Европын холбооны санхүүжилтээр саяхан хэрэгжүүлээд дуусаад байсан. Тус төслийн үйл ажиллагаа нь яамны стратеги зорилттой шууд нийцэж, хүнсний үйлдвэрлэлд үнэ цэнийн болон кластерийн сүлжээг хөгжүүлэхэд олон сайн туршлагыг бий болгосон. НҮБ-ын ХХААБ-тай хамтран хэрэгжүүлэх энэ шинэ төсөл маань ч олон сайхан үр дүнг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна.” хэмээв.

НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа “Хөдөө аж ахуйн салбар ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд тогтвортой үргэлжлүүлэх ажиллаж байгаадаа баяртай байна. Тэр дундаа залуучуудад илүү боломж олгох, дэмжих нь салбарын хувьд урт хугацаандаа үр өгөөж өндөртэй хөрөнгө оруулалт болох юм. НҮБ-ын мэргэжлийн техникийн байгууллагын хувьд хамгийн шилдэг туршлага,  мэдлэгийг нутагшуулан хэрэгжүүлэх болно.” хэмээн ярьсан юм.

Өнөөдрийн төслийн баримт бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич оролцож “Энэхүү төслийн хүрээнд хийгдэх шинэчлэлүүд нь нарийн төвөгтэй, олон талт байдлаас үүдэн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх оролцогч байгууллагуудын болон салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайн байх нь маш чухал юм. Монгол Улсын итгэлт түншийн хувьд мөн хөгжлийн шийдлийг санаачлагч, хэрэгжүүлэгчийн хувьд, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бүх түншүүдтэйгээ хамтран ажиллах болно" гэлээ.

2020 оны 5-р сард баталсан Европын Холбоо (ЕХ)-ноос  Монгол Улсад үзүүлэх 50.8 сая еврогийн Төсвийн дэмжлэгийн хөтөлбөрийн эхний 16 сая еврогийн санхүүжилт хийгдсэн бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд “Монгол улсад Тогтвортой Хөгжлийн Зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү төсөл нь Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны стратегийн бодлого төлөвлөлтийг дэмжих, үйл ажиллагаатай нягт уялдуулах юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс уг төслийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран 3.5 жил хэрэгжүүлнэ.

 

Европын Холбооны тухай

2020 оны 5-р сард баталсан Европын Холбоо (ЕХ)-ноос  Монгол Улсад үзүүлэх 50.8 сая еврогийн Төсвийн дэмжлэгийн хөтөлбөрийн эхний 16 сая еврогийн санхүүжилтийг 2020 оны 10 дугаар сард Монгол улсын Засгийн газар хүлээн авсан билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд “Монгол улсад Тогтвортой Хөгжлийн Зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл 2020 оны 12 дугаар сард нээлтээ хийсэн бөгөөд цар тахлын нийгэм-эдийн засгийн үр нөлөөг бууруулах хүчин чармайлтанд хувь нэмэр оруулах юм. Уг төсөл нь үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, төсөв санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх, улмаар Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.

НҮБХХААБ-ын тухай

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь (НҮБХХААБ) хүн бүр цаг ямагт эрүүл чийрэг оршин  амьдрахад шаардлагатай хоол, хүнсний хэрэглээ, шим тэжээлийн нөхцлийг сайжруулах замаар өлсгөлөнг зогсоохын төлөө олон улсын хүчин чармайлтыг манлайлж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын мэргэшсэн агентлаг юм.

ОУХБ-ын тухай

Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгэмд шударга ёсыг бэхжүүлье. Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь НҮБ-ын хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрөлжсөн агентлаг юм. Бид засгийн газар, ажил олгогч, ажилтны нийгмийн түншлэл, хэлэлцээг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн, хөдөлмөрлөх эрхийг хамгаалж, хүн бүрийг нийгмийн хамгаалалд хамруулахдаа хүн төвтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэн хөдөлмөрийн сайхан ирээдүйг бүтээхийг зорьж байна.