FAO in Mongolia

Дижитал хөдөө аж ахуйг тууштай, дорвитой хөгжүүлнэ

06/04/2021

ХХААХҮЯ болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтран хэрэгжүүлсэн техник туслалцааны төслүүдийн хүрээнд мал аж ахуй болон газар тариалангийн бүртгэл, мэдээлэл, хяналт, мөшгих  тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор хөгжүүлээд буй 5 cистемийг танилцуулж тус яаманд хүлээлгэн өглөө. Эдгээр системүүд хөдөө аж ахуйг цахимжуулахад цаашид хамтран хийх олон ажлуудын эхлэл болно гэж үзэж байна. Үүнд:  

Ургамал, ногооны өртгийн сүлжээнд:  

1. Ургамлын гарал үүслийн систем,  

2. Химийн бодисын бүртгэлийн систем,  

3. Лабораторийн нэгдсэн систем, 

Махны нэмүү өртгийн сүлжээнд: 

4. Махны үйлдвэрийн үйл ажиллагааны систем, 

5. Махны гэрчилгээний блокчейн модуль, 

тус тус хөгжүүлэгдэж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болгоод байна.   

Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан хэлсэн үгэндээ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь хөдөө аж ахуйн салбарт дижитал технологи нэвтрүүлэхээр зорьж томоохон ажлуудыг гүйцэтгэж, бодлогын түвшинд бидэнтэй хамтран ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Ялангуяа, газар тариалангийн салбарт цахимжуулалтыг анх удаа нэвтрүүлж нэгдсэн систем бий болгох ажлын эх суурь тавигдсанд баяртай байна гээд, цаашдаа, хамтдаа дижитал хөдөө аж ахуйг тууштай, дорвитой хөгжүүлцгээе хэмээн онцлов.   

Мөн уулзалтаар ХХААХҮЯам болон НҮБ-ын ХХААБ “Залуу малчдад зориулсан сургалтын системийг бий болгох” техникийн туслалцааны төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ төслийн гол зорилго нь мал аж ахуйн салбарын бүтээмжийг дээшлүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний зах зээлийн эргэлтийг сайжруулахад залуу малчдыг бэлтгэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.  

ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа уулзалтын үеэр “Залуу малчдыг дэмжих, мал маллах ур чадварыг сайжруулах, тэдэнд мал аж ахуйн зохистой дадлуудыг эзэмшүүлэх нь их чухал байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлуудын маань нэгэн чухал хэсэг болон хэрэгжинэ.” гэдгийг мөн тодотгов.