FAO in Mongolia

Хүн ба Эх дэлхийн төлөө уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авах цаг нь яг одоо

22/04/2021

Хүнба Эх дэлхийн төлөө уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авах цаг нь яг одоо

 НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес

Хүн төрөлхтөний хувьд нэн онцгой гэж хэлж болох энэ жил уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр зоригтой арга хэмжээ авах цаг нь болсон.

Дэлхий нийтээрээ шинжлэх ухааны няцаашгүй баталгаанд тулгуурлан бид нэгэн шийдэлд хүрээд байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн хямралыг байнгын сүйрэл болохоос аврахын тулд бид дэлхийн дулаарлыг 1.5°C хэмд хязгаарлах ёстой юм.

Үүний тулд, бид энэ зууны дунд үе гэхэд хүлэмжийн хийн нийт ялгарлын хэмжээг тэг буюу шингээлтээс хэтрүүлэхгүй барих шаардлагатай. Дэлхийн эдийн засгийн гуравны хоёр орчим хувийг бүрдүүлдэг улс орнууд үүнийг хийхээр амлалт авсан. Хэдийгээр уг амлалт урам зориг өгч буй ч,  улс орон, хот, бизнес, санхүүгийн байгууллага нэг бүр энэхүү эвсэлд нэгдэж, ялгарлын хэмжээг шингээлтээс хэтрүүлэхгүй барих шилжилтийг хийх  тодорхой төлөвлөгөөг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байна.

КОВИД-19 цар тахлыг даван туулахын тулд олон их наядаар тоологдох  ам.долларыг дайчилж байгаа энэ үед Засгийн газрууд энэхүү урт хугацааны  зорилгоо бодит үйл ажиллагаатай даруй нийцүүлэх нь түүнээс ч илүү хойшлуулшгүй ажил болоод байна. Эдийн засгийг сэргээх нь бидний ирээдүйгээ өөрчлөн бүтээх боломж юм.

Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар үндэсний төлөвлөгөөгөө гаргаж, таван жил тутам сайжруулж байх үүрэг хүлээсэн Парисын хэлэлцээрийг амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүчирхэг тогтолцоотой. Хэрвээ энэ чиглэлд дорвитой арга хэмжээ авахгүй бол эх дэлхийгээ сүйрүүлэх аюул ойрхон байгааг бид харж байна. Иймд, НҮБ-ын зүгээс энэ оны 11-р сард Глазгоу хотод зохион байгуулах Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенцэд нэгдсэн Талуудын 26 дугаар Бага Хурлыг (COP26) гишүүн бүх улс орнуудыг оролцуулан хуралдуулахтай холбоотой энэ чиглэлд шийдвэртэй бөгөөд үр дүнтэй арга хэмжээ авах цаг мөн.

Үндэсний хэмжээний шинэ төлөвлөгөөнүүд  нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 2010 оны түвшинээс дор хаяж 45 хувиар бууруулах ёстой. Улс орнуудын олонх нь төлөвлөгөөгөө аль хэдийнээ танилцуулсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сэргээгдэх эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар тодорхой бодлого тодорхойлсон.  

Гэхдээ, одоогийн байдлаар, эдгээр төлөвлөгөө нь ялгарлыг 1-ээс доош хувиар бууруулахаар байна. Энэ бол хүмүүс болон эх ​​дэлхийн хувьд чухамхүү түгшүүрийн улаан дохио юм.

Хэдэн сарын дараа, АНУ-аас зохион байгуулах Дэлхийн улс орны төр, засгийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтаас эхлэн Засгийн газрууд, ялангуяа, энэхүү хямралын дийлэнхэд холбоотой хүлэмжийн хийг хамгийн ихээр ялгаруулдаг улс орнууд амлалт үүргээ эрс нэмэгдүүлэх ёстой.

Цахилгаан эрчим хүчний салбарт нүүрс ашиглахыг зогсоох нь дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд барих зорилгод нийцэх цорын ганц чухал алхам юм. Эрчим хүчний салбарт хамгийн бохир, хамгийн их бохирдол үүсгэдэг  малтмал түлшийг ашиглахгүй байх яаралтай арга хэмжээ авах нь эх дэлхийд маань уур амьсгалын эсрэг тэмцэх боломжийг олгоно.

Дэлхий даяар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах нүүрсний хэрэглээ 2030 он гэхэд 2010 оны түвшингээс 80 хувиар буурсан байх ёстой. Энэ нь хөгжингүй эдийн засагтай улс орнууд 2030 он, бусад улс 2040 он гэхэд нүүрс ашиглахаа зогсоох үүрэг хүлээх ёстой гэсэн үг юм. Дэлхийн хаа нэгтээ нүүрс шатаадаг цахилгаан станц барих шалтгаан байна гэж үгүй. Дэлхийн нийт нүүрсээр ажилладаг цахилгаан станцын гуравны нэгийнх нь үйл ажиллагаа явуулах зардал нь шинээр сэргээгдэх эрчим хүчний гаргах болон хадгалах байгууламж барихаас илүү өндөр өртөгтэй болжээ. Иймд COP26 бага хурал нь нүүрсэнд цэг тавих талаар дохио өгөх ёстой.

Дэлхий нийтээр цэвэр агаар, сэргээгдэх эрчим хүч рүү шилжихдээ шударга байдлыг хангах нь чухал. Энэхүү шилжилтэд өртсөн үйлдвэрүүд болон эдийн засгийн албан бус салбарт ажиллагсдыг ажлын байраа өөрчлөх, эсхүл шинэ ур чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх ёстой. Бид мөн эмэгтэйчүүд, охидын өөрчлөлтийг залах, түүний дотор засаглах болон шийдвэр гаргахад тэгш эрхт оролцогч болж чадах асар их хүчийг дайчлах ёстой.

Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн бага нөлөөлж байгаа улс орнууд түүний сөрөг нөлөөлөлд хамгийн ихээр өртөж байна. Хэрэв бид хариу арга хэмжээгээ урагшлуулахгүй бол арлын олон жижиг улс орнууд оршин тогтнохоо болино. Хөгжингүй улс орнууд өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд жил тутам 100 тэрбум ам. доллар хөрөнгийг дараах аргаар дайчлан зориулах ёстой. Үүнд:

  • Уур амьсгалын санхүүжилтийн өнөөгийн түвшинг 2 дахин нэмэгдүүлэх;
  • Уур амьсгалын санхүүжилтийнхээ тал хувийг дасан зохицох үйл ажиллагаанд зориулах;
  • Нүүрсний олон улсын санхүүжилтийг зогсоох;
  • Малтмал түлшинд олгодог татаасыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх.  

Зургадугаар сард зохион байгуулагдах Их долоогийн (G7) дээд хэмжээний уулзалт дэлхийн хамгийн чинээлэг улс орнуудад энэ чиглэлээрх үйл ажиллагаагаа идэвхжүүлж, COP26 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 26 дугаар бага хурлыг амжилттай болгох санхүүгийн амлалт өгөх боломж олгоно.

Засгийн газрууд удирдан чиглүүлэх үүрэг хүлээхийн хамт бүхий л түвшний шийдвэр гаргагчид чухал үүрэг гүйцэтгэнэ.

Миний бие,  COP26 Бага Хурлыг зохион байгуулагдах хүртэлх хугацаанд, өрийн түвшний эрэмдэг байдал, улсын төсөвт үзүүлж буй асар их дарамтыг анхааралдаа авахын сацуу КОВИД-19-өөс сэргэх, хөгжиж буй улс орнуудын хямралыг даван туулах эдийн засагт шилжихийг санхүүжүүлэх тодорхой бодлоготой болсон байхыг олон талт болон улс орнуудын хөгжлийн бүх банкуудаас хүсч байна.

Олон улс орны засаг захиргаа, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 2050 он гэхэд ялгаруулалтын хэмжээг шингээлтээс хэтрүүлэхгүй байх байх үүрэг хүлээсэн бөгөөд өөрсдийн бизнесийн загвартаа дүн шинжилгээ хийж байгаа билээ. Би бүгдийг ч бас тодорхой амлалт өгч, үүрэг хүлээх, бодлогоо тодорхойлохыг хүсч байна.  

Миний бие, ертөнцийн өнцөг булан бүр дэх залуучуудыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, биологийн олон янз байдлыг хамгаалах, хүн төрөлхтний байгальд үзүүлэх дайсагналыг  зогсоох, Тогтвортой Хөгжлийн Зорилгод хүрэх хүчин чармайлтаа эрчимжүүлэх асуудлаар дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.

Цаг явсаар,  нөр их  хөдөлмөр шаардагдах ч цагаан тугаа өргөх цаг нь одоо биш. НҮБ эв санааны нэгдэл, итгэл найдварын цэнхэр далбаагаа мандуулсаар байх болно. Олон улсын Эх дэлхийн өдрийг тэмдэглэж буй энэ өдөр, мөн ойртож буй нэн чухал  саруудад, бүх улс үндэстэн, бүх ард түмэн дуу хоолойгоо өнөөдөр нэгтгэхийг уриалж байна.