FAO in Mongolia

Бидний үйлдэл бидний ирээдүй: Хүнсний тогтолцоог сайжруулах - Эссе бичлэгийн уралдаан

23/08/2021

Бидний үйлдэл бидний ирээдүй: Хүнсний тогтолцоог сайжруулах 

Эссе бичлэгийн уралдаан

УРАЛДААНЫ ЗОРИЛГО

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) 1945 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ба энэ өдрийг “Дэлхийн хүнсний өдөр”  болгон зарлаж жил бүр тэмдэглэдэг.

Энэ өдөрт зориулан НҮБ ХХААБ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хүүхэд, залуусын дунд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдгийн нэг нь Ерөнхий Боловсролын Сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг эссе бичлэгийн уралдаан юм.

Дөрөв дэх жилдээ зарлаж буй энэхүү Уралдааны зорилго нь  өсвөр насны хүүхдүүдийн үзэл бодол, дуу хоолойг олон нийтэд хүргэх, дэвшүүлж буй шинэлэг санааг цаашдын үйл ажиллагаандаа тусгах юм.

 

СЭДЭВ, АГУУЛГА

Эссе бичлэгийн үндсэн  сэдэв нь Бидний үйлдэл бидний ирээдүй: Хүнсний тогтолцоог сайжруулах.

Хүнсний тогтолцоо нь ногоо, жимс тариалах, хураах, мал маллах, тэдгээрээс гарах түүхий эдийг боловсруулах, савлах, тээвэрлэх, түгээх, худалдаалах, худалдаж авах,  хадгалах, хоол хүнсээ бэлтгэн идэх бүх шат дамжлага буюу малчны хот, тариалангийн талбайгаас бидний ширээн дээр хоол, хүнс болон ирэх бүх замыг туулахад оролцож буй бүх үйл явцыг хамарна.

Үүнд хүн бүр өөрийн үүрэгтэй оролцож байдаг.

Дэлхий хэмжээнд үзвэл хүнсний аж үйлдвэр нь 1 тэрбум гаруй хүнийг ажиллуулж буй  нийгэм-эдийн засгийн чухал салбар юм.

Монгол улсын хувьд хүнс, хөдөө аж ахуйн салбарт нийт ажиллах хүчний 30 гаруй хувь ажиллаж байна.  

2050 он гэхэд дэлхийн хүн ам 9.7 тэрбум, манай улсынх 5 саяд хүрнэ гэх тооцоолол бий. Ирээдүйд өсөн нэмэгдэх хүн амыг эрүүл, чанартай, тэжээллэг хоол хүнсээр хангахын тулд бид одоогийн хүнсний үйлдвэрлэлийг тогтвортой байдлаар хөгжүүлэх, хүний үйл ажиллагаанаас үүдэн байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа аливаа дадал, зуршил, байгальд халгаатай технологийг халах зайлшгүй шаардлага тулгарч байна.   

Бидний хүнс ургуулах, боловсруулах, хэрэглэх мөн гаргаж буй хог хаягдал  байгаль орчны тэнцвэрийг алдагдуулж, дэлхийн уур амьсгалд шаардлагагүй дарамтыг учруулж байна.

Бид Ковид-19 цар тахалтай нөхцөлд сүүлийн 2 жилийн туршид амьдарч үүнээс маш олон сургамжийг авч байна. Олон мянган айл өрхүүд амьжиргааны эх үүсвэрээ алдаж, хүнсний баталгаагүй байдалд орж байгаа нь хүнсний үйлдвэрлэлийн тогтолцоог тогтвортой байлгах, сүүлийн олон арван жилд бүрэлдэж бий болсон хэт их, үрэлгэн хэрэглээ, буруу дадал зуршил, байгалийн нөөцөд хэт дулдуйдсан технологийг өөрчлөх, энэ чиглэлд мэдлэгээ сайжруулах, судалгаа хийх зэрэг хийх ажилууд их байгааг харуулж байна.

Иймд бид Хүнсний тогтолцоонд анхаарлаа хандуулах, Хүүхдүүд та нарын үзэл бодол, шийдэл, саналыг сонсох, та бүхнийг нөхцөл байдлыг сайжруулахад өөрийн хувь нэмрийг оруулахыг уриалж байна.

 

ХЭН ОРОЛЦОХ ВЭ

  • Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид
  • ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
  • Тэргүүн байр - 1: Батламж, дурсгалын зүйл.
  • Дэд байр - 2: Батламж, дурсгалын зүйл.
  • Шалгарсан эссег НҮБ-ын ХХААБ-аар дамжуулан олон нийтэд хүргэнэ.

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Эссе нь сэдэв, агуулгад нийцсэн байх
  • Асуудал хөндсөн байх
  • Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
  • Бусдын оюуны бүтээлийг хүндэтгэж, эх сурвалжийг тодорхой заасан байх
  • Үгийн тоо 500 хэтрэхгүй байх
  • Зөв бичих дүрмийн болон найруулгын алдаагүй байх
  • Шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй материалыг шалгаруулалтад оруулахгүй.

 

ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

  • 0-3 хүртэл онооны системээр дүгнэж нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ.
  • Найруулга, зөв бичих дүрмийн алдаа, үгийн тоо (1 оноо);
  • Сэдэв, агуулгад нийцсэн байдал (3 оноо);
  • Тулгамдсан асуудал хөндсөн байдал (3 оноо);
  • Шинэлэг санаа, шийдэл дэвшүүлсэн байдал (3 оноо).
  • Эссег 2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 18:00 цаг хүртэл https://rb.gy/vqibus холбоосоор хүлээн авна.