FAO in Mongolia

“Ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээний ашиг хүртэгчид”-ийн хэлэлцүүлэг болж өнгөрлөө

02/03/2022

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ)-аас хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой Хөгжлийн Зорилготой уялдсан Төсвийн Төлөвлөлтөөр Монгол Улсад Хөдөлмөр Эрхлэлтийн Шинэчлэлийг Дэмжих нь” төслийн баг төр, хувийн хэвшлийн харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд Өмнөговь аймгийн ингэний сүү үйлдвэрлэгчид болон аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Газар, Мал Эмнэлгийн Газар, Ханбогд сумын захиргаа, ТЕСО групп, Монгол тэмээ корпораци зэрэг боловсруулах үйлдвэрийн төлөөлөл, эрдэмтэн судлаачдыг оролцуулан 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Ханбогд суманд “Ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээний ашиг хүртэгчид”-ийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээнд тулгарч буй бэрхшээл,  түүнийг даван туулах арга замыг төр, хувийн хэвшил, НҮБ-ын ХХААБ-ын хамтын ажиллагааны хүрээнд тодорхойллоо. Ингэний сүү бэлтгэн нийлүүлэгчдэд тулгардаг түгээмэл асуудлын нэг бол ингэ саах саальчин дутагдалтай байгаагаас сүүн ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Иймд ингэ саах саальчны сургалт, дадлагажигчийг бэлтгэх зайлшгүй хэрэгцээ байгааг илтгэж байна.

ТЕСО групп экспортод зориулж ингэний сүүгээр хатаасан болон капсултай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дээжээс нь танилцуулсан нь орон нутгийн удирдлага болон тэмээчдийн итгэлийг өдөөсөн сайхан үйл явдал байлаа. Тус групп Ханбогд сумын 9 тэмээчин өрхийг түшиглэн түүхий сүү бэлтгэх хүйтэн хэлхээг бий болгожээ. Цаашид энэ тоог нэмэгдүүлж, олон малчин айл өрхөөс түүхий эд бэлтгэн нийлүүлэхэд хамтран ажиллах боломж байгааг талууд санал нэгтэй дэмжив.

Төслийн зүгээс Ханбогд сумын захиргаа, малчид, Оюу Толгой ХХК-ийн хамтын ажиллагаанд тулгуурласан “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн зорилго, зорилттой нийцүүлэн хагас эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх, хоршооллыг дэмжих асуудлын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.