FAO in Mongolia

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ (ХААЗД)-ЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТОР БЭЛТГЭХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

19/04/2022

Өсөн нэмэгдэж байгаа хүн амыг хүртээмжтэй, шим тэжээллэг хоол хүнсээр хангах нэн тэргүүний хэрэгцээ шаардлага байгаа хэдий ч эдгээр хоол хүнс нь хүний бие организм, эрүүл мэндэд аюул, эрсдэл учруулахгүй байх нь маш чухал асуудлын нэг билээ. Тиймээс хүнсний сүлжээний анхан шатны үйлдвэрлэл болох газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлд ХААЗД нэвтрүүлэхийг 2012 онд батлагдсан Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиудаар үүрэг болгожээ. Энэ хүрээнд ХХААХҮ-ийн болон Эрүүл мэндийн Сайдын хамтарсан тушаалаар “Жимс, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар”-ыг батлан гаргасан ба мөн ХХААХҮЯ хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэн үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүнд тавих тэмдгийг баталж, оюуны өмчийн байгууллагад бүртгүүлжээ.

ШХА-ийн санхүүжилттэй НҮБ-ын ХХААБ-гаас хэрэгжүүлж байгаа “Монгол ногоо” төслөөс бусад бүрэлдэхүүн хэсгүүдтэйгээ хамтран Тариалангийн үйлдвэрлэлд ХААЗД-ыг  нэвтрүүлэх, баталгаажуулах үйл ажиллагааг эхлүүлсэн ба ХААЗД-ын баталгаажуулалтын тогтолцоо бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна. Манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ХААЗД-ын баталгаажуулалт хийх итгэмжлэл авсан хөндлөнгийн баталгаажуулалтын 1 байгууллага, ХААЗД–ыг өөрийн тариалангийн үйлдвэрлэлд нэвтрүүлж гэрчилгээ авсан аж ахуй нэгж, иргэдийн тоо 40 гаруй болоод  байна.

Цаашид ХААЗД-ын баталгаажуулалтын үндэсний тогтолцоо бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор аудитор бэлтгэх энэ удаагийн сургалтыг тус төслийн дэмжлэгтэйгээр  2022 оны 4 дүгээр сарын 18-наас 21-ний хооронд ХХААХҮЯ-тай хамтран зохион байгуулж байна.