FAO in Mongolia

НҮБ-ын ХХААБ-ын “АСТ” төсөл “Говийн болон баруун бүсийн мал эмнэлгийн зөвлөгөөн-2022”-д оролцов

НҮБ-ын ХХААБ-ын “АСТ” төсөл “Говийн болон баруун бүсийн мал эмнэлгийн зөвлөгөөн-2022”-д оролцов
02/09/2022

Монголын мал эмнэлгийн холбоо “Говийн бүсийн мал эмнэлгийн зөвлөгөөн-2022”-ийг 2022 оны 8-р сарын 2-3 өдрүүдэд Баянхонгор аймагт, “Баруун бүсийн мал эмнэлгийн зөвлөгөөн-2022”-ийг 2022 оны 8-р сарын 6-7 өдрүүдэд Завхан аймагт амжилттай зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд НҮБ-ын ХХААБ-ын “Хүнсээр дамждаг бичил биетний тэсвэржилтийг хязгаарлах, бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Кодексын стандартыг хэрэгжүүлэх (ACT)” төслөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа. Тус зөвлөгөөнөөр мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт, хүнсний аюулгүй байдал, хангамжид мал эмнэлгийн салбарын оролцоо гэсэн бүлэг сэдвүүдээр өргөн хэлэлцүүлэг өрнүүлэв.

Төслийн зөвлөх оролцогчдод FAO-ACT төслийн зорилго, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулав. Мөн төслөөс бичил биетний тэсвэржилт (ББТ), түүний эрсдэл, сэргийлэх арга зам, мал, амьтанд бичил биетний эсрэг эм (ББЭЭ)-ийг болгоомжтой, хариуцлагатай хэрэглэх, малын эмийн үлдэгдлээс сэргийлэх, зохистой дадлуудыг нэвтрүүлж хэрэгжүүлэх талаар тодорхой мэдээлэл танилцуулга хийлээ.

Үүний зэрэгцээ оролцогч малын эмч нарын мэдлэг, хандлагыг үнэлэх зорилгоор бичил биетний тэсвэржилт (ББТ), бичил биетний эсрэг эм (ББЭЭ)-ийн хэрэглээний чиглэлээр товч асуумж судалгаа авав. Зөвлөгөөнд оролцогчдод антибиотикийг мал, амьтанд болгоомжтой, хариуцлагатай хэрэглэх тухай НҮБ-ын ХХААБ-аас гаргасан постерын монгол хувилбарыг түгээж ажиллав.

Оролцогч малын эмч нар эдгээр мэдээллийг талархан хүлээж авсаны зэрэгцээ НҮБ-ын ХХААБ-ын ‘’АСТ’’ төслөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж ажилласанд талархлаа илэрхийлэв.  

Ийнхүү говийн болон баруун бүсийн зөвлөгөөнд оролцогч аймаг, сумуудын төр, хувийн хэвшлийн малын эмч нар мал эмнэлгийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар ярилцав.