FAO in Mongolia

“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” үндэсний чуулган зохион байгуулагдлаа

25/10/2022

10-р сарын 25-ны өдөр “Хүнсний хангамж, аюулгүй байдал - Мал аж ахуй” үндэсний чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдлаа. Чуулганы үеэр НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужагийн хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх

Монгол улсын Ерөнхий Сайдын зөвлөх Эрхэмсэг хатагтай Аюушийн Ариунзаяа

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Эрхэмсэг хатагтай Батсүхийн Саранчимэг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Эрхэмсэг ноён Хаянгаагийн Болорчулуун

Эрхэм хүндэт хамтран ажиллагсад, хатагтай, ноёд оо,

Юуны өмнө “Хүнсний хангамж, аюулгүй байдал - Мал аж ахуй” үндэсний чуулганыг хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд талархал илэрхийлье. НҮБ-ын төрөлжсөн байгууллагын хувьд Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хүчин чармайлтыг дэмжих урт хугацааны, найдвартай түнш байсаар ирсэн бөгөөд цаашид ч байх болно.

Эрхэмсэг ноёд, хатагтай нар аа

Урьд өмнө нь тохиолдож байгаагүй цаг үе ирсэн байна. Байгалийн болон хүний ​​үйл ажиллагаанаас үүдэлтэй олон сорилттой бид тулгараад байна. Хоёр жил гаруй дэлхийн хэмжээний тахалтай тэмцэж, олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, Украинд өрнөж буй дайны нөлөөгөөр дэлхийн эдийн засаг суларч байна. Хамгийн эмзэг бүлгийн хүмүүс өлсгөлөнгийн ирмэгт тулж ирлээ. Дэлхий даяар өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо өссөөр байгаа бөгөөд одоогоор 828 саяд хүрчээ. Дэлхий даяар 3.1 тэрбум хүн эрүүл хооллолтын зардлыг төлж чадахгүй байгаа бөгөөд хүнсний аюулгүй байдал нь хурцадмал хэлбэрээр алдагдсан хүмүүсийн тоо 135 саяас 193 сая болж нэмэгджээ. Эдгээр тоо баримт нь хэтэрхий олон хүн ард орхигдон хоцорч байгааг харуулж байна!

9-р сард НҮБ-ын ХХААБ-аас гаргасан Хүнсний үнийн индекс дунджаар 136.3 нэгж буюу нэг жилийн өмнөхөөс 5.5%-иар дээгүүр байна. Хүнсний үнийн өсөлт нь бараа бүтээгдэхүүний нөөц буурсан, эрчим хүч, бордооны өртөг өссөн, цаг агаарын таагүй байдал, Украинд үргэлжилж буй мөргөлдөөнтэй холбогдон үүссэн худалдааны бодлогын тодорхойгүй байдал, эрсдэл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Үнийн өсөлт, валютын ханшийн уналт нь олон оронд хүнсний импортын зардал нэмэгдэж, төсвийн нэмэлт дарамт үүсэхэд хүргэж байна.

Монгол Улс ч мөн адил эдгээр асуудлын нөлөөлөлд өртөж байгаа ч Засгийн газрын нэгдсэн, шийдэмгий хүчин чармайлтаар Монгол Улс хүнсний ноцтой хямралаас зайлсхийж чадсан гэдгийг хэлэх ёстой. Гэсэн хэдий ч  хамгийн сүүлийн үеийн тооцооллоор нийт хүн амын 5% хүнсний ноцтой хомсдолд өртөж, 20% хүнсний аюулгүй байдал алдагдаад байна. Хоол хүнснээс шалтгаалсан өвчнөөр шаналж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Монгол Улс 32 хувь буюу эрт нас баралтын түвшингээр ижил орлоготой орнуудын дунд хоёрдугаарт жагсдаг. Таван жилийн өмнө хийсэн шим тэжээлийн үндэсний судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдийн 90 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95 хувь нь Д аминдэмийн дутагдалтай байсан. 5-аас доош насны хүүхдүүдийн 27%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21% нь цус багадалттай гарсан; Улс орнуудын хоолны дэглэм болон халдварт бус өвчлөлийн эрсдэлийг харьцуулсан дэлхийн судалгаагаар Монгол улс хоол тэжээлийн тэнцвэргүй байдлаас үүдэлтэй зүрх судасны өвчлөлөөс үүдэлтэй нас баралтын хувиар бүх улс орнуудын дунд 1 дүгээрт жагсаж байна. Түүнчлэн Монголын хүн амын 50 орчим хувь нь эрүүл хооллолтын зардлыг төлж дийлэхгүй байна. Эдгээр нь ноцтой үзүүлэлтүүд юм.

Гэхдээ одоогийн энэ үеийг онцлог болгох урьд өмнө тохиолдож байгаагүй бас нэгэн  хүчин зүйл бий. Бид хүнсний аюулгүй байдлын чиглэлээр орон нутаг, үндэсний хэмжээнд төдийгүй, бүс нутаг, дэлхийн хэмжээнд гол түншүүд, засгийн газруудын хүсэл эрмэлзэл, зориг нэмэгдэж, хүчирхэгжиж байгааг харж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэргүүлсэн “Хүнсний хувьсгал” санаачилга нь энэхүү манлайллын нэгэн тод илрэл юм. Энэ цаг мөч бол хамтдаа илүү сайн ажиллаж, илүү хүчтэйгээр сэргэн босох боломж юм.

Дэлхийн түвшинд ч гэсэн итгэл найдвар төрүүлэх эерэг алхмууд хийгдсэн. Тухайлбал, НҮБ-ын ХХААБ энэ оны 4-р сард Их 20-ийн Төрийн тэргүүний хуралдаанд Хүнсний Импортын Санхүүгийн Хөтөлбөрийг санал болгосны дүнд дэлхийн түвшинд хүнсний хурцадмал хомсдолыг бууруулах яаралтай тусламжийн сан шинээр бий болсон. Энэхүү сангийн зорилго нь эмзэг түвшний улс орнуудыг хүнсний хомсдолтой тэмцэхэд нь туслах явдал юм. Зах зээлийн ил тод байдал, бодлогын хариу арга хэмжээг сайжруулах мэргэжлийн үнэлгээ, дүн шинжилгээ хийснээр НҮБ-ын ХХААБ нь дэлхий нийтэд найдвартай, төвийг сахисан, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч гэдгийг харуулсан. Монгол Улсын хүнсний тогтолцоог илүү тогтвортой хөгжүүлэхэд засгийн газарт шинжлэх ухаанд тулгуурласан үнэлэлт, дүгнэлт, стратеги бодлогын зөвлөгөө өгөх, шинэлэг инновацыг нэвтрүүлэхэд дэмжих болно. Мөн Монгол Улсын Засгийн газартай хүнсний бүтээгдэхүүн экспортлох зорилтоо хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Хүнсний хямралыг үүсгэж буй гол хүчин зүйлүүд 2023 онд үргэлжлэх төлөвтэй байгааг анхаарах нь нэн чухал юм. Эрчим хүч, түүхий эд, үйлдвэрлэл, худалдааны өндөр өртөг нь ирэх жилийн ургацад ихээхэн нөлөө үзүүлнэ. Энэ нь биднийг хүнсний хямралд хүргэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бид хамтран ажиллах ёстой! Мөн бид эмзэг бүлгийнхний хүнсний хүртээмжийг дэмжих, нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийг өргөжүүлэх, нээлттэй, найдвартай худалдаа, зах зээлийн тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Түүнчлэн бид залуучуудын оролцоог дэмжиж, ялангуяа залуу малчдыг боломжоор хангах хэрэгтэй байна. Ирээдүй тэдний гарт бий, энэ гараг дэлхий бол тэдний оршин суух гэр юм.

Хоёр долоо хоногийн өмнө бид Дэлхийн хүнсний өдрийг Монголд тэмдэглэсэн. Энэ өдрөөр Ерөнхийлөгч илгээлт илгээсэнд чин сэтгэлээс талархаж байгаагаа илэрхийлье. Бидний хувьд их чухал илгээлт байсан. Дэлхийн хүнсний өдрөөр НҮБ-ын ХХААБ хүнсний салбарт хувь нэмэр оруулж буй дөрвөн хүнсчин баатар эмэгтэйг тодруулсан. Бид тэдний хичээл зүтгэлээс урам зориг авч, эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулалт хийж, хүнс хөдөө аж ахуйн тогтолцоог өөрчлөхийн тулд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг уриалж байна.

Эрхэм зочид, төлөөлөгчид, ноёд, хатагтай нар аа

Эцэст нь дүгнэхэд, дэлхийн хөдөө аж ахуйн хөгжлийн түүхийг сөхвөл улс орнууд хямралыг боломж болгон хувиргаж, хямралын нөгөө талд илүү хүчтэй гарч ирсэн олон жишээ бий. Энэ түүхийг давтах цаг болсон гэж би итгэж байна. НҮБ-ын ХХААБ нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон үндэсний олон байгууллага, олон улсын түншүүдтэй нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ боломжийг ашиглан, хүнсний аюулгүй байдал, хангамж, чанарыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйг цахимжуулах, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, халдварт өвчинтэй тэмцэх, байгалийн нөөцийн менежмент, уур амьсгалд нийцсэн хөдөө аж ахуй, экосистемийн доройтлоос урьдчилан сэргийлэх, биологийн төрөл зүйл, ойн тогтвортой менежмент, гамшгийн бэлэн байдал, нийгмийн хамгаалал, тогтвортой амьжиргаа зэрэг олон салбарт анхаарч эдгээр түншлэлийг үргэлжлүүлнэ гэдгээ дахин хэлмээр байна.

 

Маш их баярлалаа. Чуулганы оролцогч нарт амжилт хүсье.