FAO in Mongolia

Хөдөө аж aхуйн дроныг хүнсний ногооны салбарт анх удаа нэвтрүүллээ

20/12/2022

НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ), Японы Засгийн газар хамтран Монгол Улсад нарийвчлалтай хөдөө аж ахуйг /precision agriculture/ хөгжүүлэх үйл ажилд нэгдлээ. Энэ хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлд өндөр нарийвчлалтай зураг авах болон ургамал хамгааллын бодис цацах хөдөө аж ахуйн дронуудыг нийлүүлэх юм. 2022 оны 12-р сарын 20-ны өдөр “Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн сонгогдсон сумдад хөдөө аж ахуйн дрон нийлүүлэх” төслийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо (МХШТФХ)-ны ТУЗ-ын дарга Г.Даваадорж нар гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар оролцлоо. Ноён Винод Ахужа уг төсөл эхэлж буйд баяртай байгаагаа илэрхийлээд “Дрон  нь нотолгоонд суурилсан төлөвлөлтийг дэмжих, орон зайн мэдээлэл цуглуулах чиглэлээр хөдөө аж ахуйд асар их нөөц боломжийг бий болгож байна. Энэхүү төслийг дэмжсэн Японы Засгийн газарт талархал илэрхийлж, уг хамтын ажиллагаа нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих бодлого, шийдвэрийг цаашид улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ.

Энэ төслийн хүрээнд Япон Улсын Ишикава Энержи Рисерч компаний зохион бүтээсэн дөрвөн багц дроныг Японы Засгийн газрын Өвсний үндэс буцалтгүй тусламжийн хөтөлбөр хангаж байна. НҮБ-ын ХХААБ нь олон улсын мэргэжилтнүүдийг ажиллуулан дроны нисгэгч бэлтгэх, дроноор цуглуулсан мэдээллийг хөрвүүлэх чадвартай хүний нөөцийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана. НҮБ-ын төрөлжсөн мэргэжлийн байгууллагын хувьд НҮБ-ын ХХААБ нь нарийвчлалтай хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай. ХХААХҮЯ нь хөдөө аж ахуйн салбарт энэхүү технологийн шийдлийг нэвтрүүлэх бодлогын зохицуулагчаар оролцох юм. МХШТФХ нь 2000 орчим гишүүнтэй бөгөөд тэдгээр хүнсний ногоо тариаланчид нь энэхүү төслийн үр шимийг шууд болон шууд бусаар хүртэх боломж бүрдэж байна.

НҮБ-ын ХХААБ-аас гаргасан мэдээллийн дагуу жил бүр хортон шавжаас үүдэн дэлхийн хэмжээнд ургац 20-40 хувиар буурдаг. Монгол улсын хувьд үр тарианы ургацын 2.6-10.7 хувь, төмс хүнсний ногооны 13-30 хувь, бэлчээрийн 19-40 хувь нь хортон шавжид өртөн алдагдаж байгаа нь импортоос ихээхэн хамааралтай манай улсын хувьд ноцтой асуудал юм.

Тариалангийн бүтэн талбай эсвэл хэсэг газар хортон шавжид өртсөн эсэхээс үл хамааран нийт талбайг ургамал хамгаалах бодисоор цацах явдал нийтлэг байдаг. Ургамал хамгааллын бодисыг зохисгүй эсвэл хэтрүүлэн хэрэглэх нь газар тариалангийн тогтолцоог ноцтойгоор алдагдуулж, тариаланчдын орлого болон хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлдөг.

Хортон шавжийн тандалт, устгал, ургацын хяналт нь маш их хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг үйл ажиллагаа тул шинэлэг технологи нэвтрүүлэх нь чухал ач холбогдолтой юм. Дрон ашиглах нь хортон шавжид нэрвэгдсэн газрыг цаг тухайд нь оновчтой тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэдэг. Ингэснээр түргэн хугацаанд, нарийвчлалтай устгал хийх, ургамал хамгааллын бодисыг шаардлагагүй ашиглахаас сэргийлэх юм. Химийн бодисыг бага, зохистой ашиглахын гол үр нөлөө нь үйлдвэрлэлийн зардлыг бууруулж, тухайн бодисын нөлөөгөөр үүсэж болзошгүй ургацын өсөлтийн удаашралыг арилгаж, улмаар үйлдвэрлэгчдийн орлого, хүрээлэн буй орчинд эергээр нөлөөлөх юм. Мөн тариаланчдад хортон шавжаас урьдчилан сэргийлэх, хоргүй арга хэмжээ авах боломжийг олгоно.

Иймд, энэхүү төсөл нь Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн сонгогдсон сумдын 3500 га талбайд дроны технологийн тусламжтайгаар хортон шавжийн тандалт, хяналт тавих аргачлалыг нэвтрүүлснээр газар тариалан, хөрс, хортон шавжийн менежментийг сайжруулж, хортон шавжийн онцгой байдлын үед шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлж, нарийвчлалтай хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд чиглэж байгаа юм.