FAO in Mongolia

“Хүнсний стандарт - эрүүл мэндийн баталгаа” хэлэлцүүлэг явагдлаа

14/06/2023

Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийг тохиолдуулан “Хүнсний стандарт – эрүүл мэндийн баталгаа” уулзалт зохион байгуулагдаж Монгол Улсад хэрэгжиж буй хүнсний стандартуудын одоогийн нөхцөл байдал, цаашдын хэрэгцээ, шаардлагыг холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагууд хэлэлцлээ.

Хүнсээр дамжих нян, бактер, хорт химийн бодисоос үүдсэн 200 гаруй төрлийн өвчин байдаг ба дэлхий нийтэд 10 хүн тутмын 1 нь түүгээр өвчилж байна. Иймд, хүнсний стандартаар дамжуулан хүнсний аюулгүй байдлыг хангаж, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах нь нэн чухал юм.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ),  Стандартчилал, хэмжилзүйн газар, Гаалийн ерөнхий газар, Махны холбооны удирдах зөвлөл, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн төлөөллүүд тус тус оролцлоо. Оролцогчид стандартыг батлах, мөрдөх, хянах үйл ажиллагаа Монгол Улсад хэрхэн хэрэгжиж байгаа талаар мэдээлэл солилцож, цаашид хяналт үнэлгээний тогтолцоог боловсронгуй, оновчтой болгох,  лабораторийн хүчин чадлыг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг онцлов.

Монгол Улсад хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой 700 орчим стандартууд байдаг. Эдгээр стандартыг мөрдөх, хэрэгжүүлэх, түүнийг хянахад бэлтгэн нийлүүлэгчээс эхлээд үйлдвэрлэгч, тээвэрлэгч, худалдан борлуулагч, хэрэглэгч хүртэлх  хүнсний өртгийн сүлжээний бүх үе шатанд энэ талаарх мэдлэг мэдээлэл чухал юм. Олон улсын болон үндэсний стандартыг мөрдөх нь хүнсний аюулгүй байдлыг хангаад зогсохгүй үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах гол хүчин зүйл юм.

Хүнсний аюулгүй байдлыг хангахад хүн бүрийн оролцоо чухал.